Захирлын мэндчилгээ

Ү.Төмөрхуяг

Гүйцэтгэх захирал

Станцын маань суурь 1979 онд тавигдаж, 1983 оноос цахилгаан, дулааны эрчим хүчийг боловсруулж түгээж эхэлсэн билээ. Өнөөгийн байдлаар манай станцын цахилгааны суурилагдсан хүчин чадал 772 МВт, дулааны суурилагдсан хүчин чадал 1373 Гкал/ц байгаа бөгөөд Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58,7 орчим хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 54,8 орчим хувийг дангаараа хангаж байна.

Эрчим хүчний салбарын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмадууд, өнөөгийн станцын маань бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчин бидний бахархал юм.

Манай хамт олон орчин цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэ техник, технологийг нэвтрүүлэн ард түмэндээ хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болох дулаан цахилгааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн. Цаашид ч бид хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, харилцагч нарынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарын үзүүлэлтээрээ эрчим хүчний салбарын үйлдвэрүүд дотроос хамгийн шилдэг нь байхын төлөө чармайн ажиллах болно.

Сайн үйлс улам дэлгэрэх болтугай.

Компанийн тухай

“ДЦС-4” ТӨХК-ийн суурийг 1979 онд тавьж, 1983 онд эхний агрегат 80 МВт, 1984 онд 2 агрегат бүхий 180 МВт, 1985 онд 3 агрегат бүхий 280 МВт, 1986 онд 4 агрегат бүхий 380 МВт, 1990 онд 5 агрегат бүхий 460 МВт, 1991 онд 6 агрегат бүхий 540 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай болсон бөгөөд өөрийн инженерүүдийн санаачлагаар хүчин чадлыг 2007, 2009 онд 20 МВт-аар тус тус нэмэгдүүлсэн. 2015 онд Турбоагрегат №7-г шинээр ашиглалтанд оруулж, 2019 онд Турбоагрегат №1 болон Турбоагрегат №4-г шинэчилсэнээр нийт 772 МВт цахилгаан эрчим хүчний, 1373 Гкал дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай ажиллаж байна.

Суурилагдсан тоноглолын техникийн үзүүлэлтүүд

Станцын төрөл, ангилал: Хөндлөн холбоос бүхий 8 зуух, 7 турбинтэй цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх схемтэй;

Уурын генератор: Цагт 500 тонн өндөр параметртэй (140 кгс/см², 560°С) уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-420-140-10С (ОХУ) маркын 6 зуух, цагт 420 тонн өндөр параметртэй (140 кгс/см², 560°С) уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-420-140-10С (ОХУ) маркын 2 зуух;

Уурын турбин: Цагт 100 МВт цахилгаан эрчим хүч, 175 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Т-100-130 (ОХУ) маркийн зөвхөн дулаацуулгын (отбор) авлагатай 3 турбин, цагт 100 МВт цахилгаан эрчим хүч, 220 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ-80-130 (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 2 турбин, мөн цагт 80 МВт цахилгаан эрчим хүч, 220 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ-80-130 (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 1 турбин, цагт 120 МВт цахилгаан эрчим хүч, 188 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Т-120/130-130-8МО (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 1 турбин;

“ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58,7 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 54,8 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм.

Тус компанийн эзэмшилд захиргааны, ахуй үйлчилгээний, лабораторийн, үйлдвэрлэлийн, засварын зэрэг 66,7 га талбай бүхий 89 барилга, 174 байгууламж багтдаг.

2001 оны 8-р сараас Төрийн өмчийн Хувьцаат Компани болж, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаар тогтоолоор эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшиж байна.

Үйлдвэрлэл, технологийн 6 цех, механик боловсруулалтын 1 цех, Үйлдвэрлэлийн, Засварын, Судалгаа Хөгжлийн гэсэн техникийн 3 алба, Захиргаа хүний нөөцийн, Хяналтын, Борлуулалт маркетингийн гэсэн захиргааны 3 алба, Төлөвлөлт эдийн засгийн, Санхүү бүртгэлийн, Худалдан авах ажиллагааны, Нийгэм ахуйн гэсэн 4 хэлтэс, Төсөл хэрэгжүүлэх нэгж, Эмнэлэг, Зоогийн газар, Авто аж ахуй гэсэн нэгжүүдийн зохион байгуулалттай үйл ажиллагааны холимог бүтэцтэй ажил үйлчилгээ явуулдаг.

2020 оны байдлаар нийт 1473 ажиллагсадтай байгаагаас 301 ажилтан нь инженер техникийн ажилтан байна.