Бүтээмжийн баг

2008 оны 10 сараас бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэн "Балансалсан үнэлгээний баг"-ийг голдуу залуучуудаас бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж ажиллаж эхэлсэн бөгөөд гадаадын болон бүтээмжийн төвийн мэргэжилтэнгүүдээс онол практикийн сургалтууд авч ажлаа эхэлсэн. Байгууллагад бүтээмжийн ажлыг улам эрчимжүүлэх бүх нийтийг хамруулах, багийн ажиллагааг сайжруулан шинэлэг санаа санаачлагыг дэмжин байгууллагын үр ашиг, тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангахын тулд олон хүнийг хамарсан бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэхээр шийдвэрлэн 2011 оны 06-р сараас 54 хүний бүрэлдэхүүнтэй 5S баг, Чанарын дугуйлан, Сайн саналын баг, Хүний нөөцийн баг, Балансалсан үнэлгээний баг зэрэг 5 багийн системд хуваагдан ажиллаж байна.

Үйлдвэрчний эвлэлийн хороо

Үйлдвэрчний эвлэлийн хороо нь компанийн удирдлагатай хөдөлмөрийн харилцааны асуудлаар хамтран ажиллаж хамт олны эрх ашгийг хамгаалахдаа хамтын гэрээ, хэлэлцээрийг удирдлага болгон ажиллаж байна. Хамтын гэрээ, хэлэлцээрийг байгуулах нь үйлдвэрчний эвлэлийн үндсэн үйл ажиллагаа төдийгүй үйлдвэрчний эвлэлд нэгдэхийн чухал нөхцөл бөгөөд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалж баталгаажуулахад оршино. Өнөөдөр "ДЦС-4" ТӨХК нь 1500 орчим ажиллагсадтай бөгөөд тэдгээрийн 98% нь МҮЭХ-ний гишүүнчлэлтэй байна. Үүнээс 28% нь эмэгтэйчүүд, 26 идэвхтэн сонгуултантай, мөн хорооны дэргэд залуучууд эмэгтэйчүүдийн хэсэг ажиллаж байна. Тус ҮЭ хороо нь компанийн захиргаатай 2 жил тутам хамтын гэрээ байгуулан, ажиллагсдын ажлын байрны нөхцлийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байлгах, цалин хөлсийг үе шаттай байнга өсөн нэмэгдүүлэх, ХАБЭА, орон сууцны нийгмийн бусад асуудлыг сайжруулахад гол анхаарлаа чиглүүлсээр ирлээ.

Залуучуудын холбоо

"ДЦС-4" ТӨХК-ийн дэргэдэх Залуучуудын холбоо нь 1990 онд байгуулагдсан бөгөөд тус холбоо нь үйл ажиллагаандаа Монголын залуучуудын холбооноос гаргасан "Монгол залуу хүний эрхэмлэх 9 зүйл"-ийг чиглэл болгон ажиллахаас гадна компанийн нийт залчуудад Монгол эх орон, ард түмэн, төрөлх компанийнхаа төлөө идэвх санаачлагатай бүтээлчээр ажиллах, шинийг санаачлах сэтгэлгээг хөгжүүлэх, оюуны болон бие бялдарын, ёс суртахууны зөв хүмүүжил олгоход нь туслах, залуучуудын хөгжлийг урамшуулан дэмжихэд чиглүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус холбоонд компанийн нийт 18-40 насны залуучууд хамаарагддаг бөгөөд цех, нэгж, алба, хэлтсээс сонгогдон ажиллаж байгаа 12 тэргүүлэгч гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Монголын Залуучуудын холбооны хуудас руу орох

Ахмадын хороо

Ахмадын хороо нь Монгол улсын хууль тогтоомж, компанийн дотоод журмыг мөрдлөг болгон хороондоо бүртгэлтэй ахмад настнуудыг удирдлагатай холбох, тэдгээрийн дунд төрөл бүрийн ажил зохион байгуулах үүрэгтэй. Ахмадын хороонд 1980-аад оны сүүлчээр I цахилгаан станц татан буугдаж, харьяа байгууллагуудад ахмадуудаа хуваан харьяалуулахад манай станцад 60 гаруй ахмадууд зохион байгуулалтаар хуваарилагдаж, 1990 онд ахмад инженер Л.Буянтогтох даргатай ахмадын зөвлөлийг байгуулсан түүхтэй. Ахмадын хороо одоо 300 гаруй ахмадтай, 6 тэргүүлэгчтэй бөгөөд гүйцэтгэх захирлын баталсан тухайн оны мөнгөн төсөв, жилийн төлөвлөгөө, Ахмадын хороо ажиллах журам, ахмадуудыг Ахмадын хороонд бүртгэх журам, шагналд тодорхойлох журмыг ажлын мөрдлөг болгон ажиллаж байна.