“БҮТЭЭЛЧ, МАНЛАЙЛАГЧ МАСТЕРУУД”-ын сургалт, зөвлөгөөн

Станцын 35 жилийн ойн хүрээнд Захиргаа хүний нөөцийн албанаас санаачлан мастеруудын анхдугаар зөвлөгөөнийг “БҮТЭЭЛЧ, МАНЛАЙЛАГЧ МАСТЕРУУД” нэртэйгээр 2018.11.23-нд амжилттай зохион байгууллаа. “ДЦС-4” ТӨХК-ийн мастеруудын үндсэн ажил үүрэгтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, тэдгээрийн хөдөлмөрийн бүтээмж, манлайлах ур чадварыг сайжруулах, харилцаа хандлагыг өөрчлөх, санал санаачлагыг дэвшүүлэхэд ихээхэн хувь нэмэр боллоо. Сургалт, зөвлөгөөний үндсэн суурь үзүүлэлт нь мастеруудаас авсан тэдний сэтгэл ханамжийн  судалгаа байлаа. Энэхүү судалгааны зорилго нь байгууллагын үндсэн үйл ажиллагааг сайжруулахад хамгийн чухал оролцоо бүхий шугаман удирдлагуудын сэтгэл ханамж, ажлын гүйцэтгэл, нэгж хоорондын уялдаа холбоо, идэвхижүүлэлт ямар түвшинд байгааг илрүүлж, цаашид сайжруулах зөвлөгөө, зөвлөмжийг боловсруулахад оршсон юм.

Бахарахмаар санагдсан нэгэн зүйл байсан нь манай станцын удирдлагууд маань бүгдээрээ шахам мастер, ээлжийн даргын ажлыг хийж байсан, тэдний ажлын жаргал, зовлонг биеэрээ мэдэрдэг ойлгодог мэргэжлийн хүмүүс байсан нь тэдний хэлж ярьж байгаа бүх нь мастеруудад маань илүү ойр дотно байж, зөвлөгөөнд ач холбогдлоо өгсөнд мастерууд сэтгэл хангалуун байлаа.  Зөвлөгөөнийг  илүү их ач холбогдолтой, үр дүнтэй зохион байгуулахын тулд мэргэжлийн сургалт, зөвлөгөө үзүүлдэг байгууллагуудаас судалгаа хийн “HR консалтинг” компанийг сонгон   хамтран ажиллаж, судалгаа, дүгнэлтийг мэргэжлийн түвшинд хийлгэн туршлагатай багш нараар харилцаа, хандлага, манлайлалах ур чадвар өнөөдөр ямар түвшинд хүртлээ хөгжиж, түүнийг ажил амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх үнэтэй сайхан сургалтуудыг заалган мастерууддаа сэтгэлийн болон мэдлэгийн хүч өгч чадлаа. Цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлуудыг шийдүүлэх гарцаа гаргаж чадсан нь зөвлөгөөний ач холбогдол байлаа.