Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны төлөөлөгчид 2017 оны зургаадугаар сарын 1-3 ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины урилгаар амжилттай оролцоод ирлээ.
Энэхүү олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр Уралын турбины заводтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Улаанбаатр хотын дулааны эрчим хүчний 70 орчим хувийг дангаараа хангадаг Дулааны IV цахилгаан станцын турбинууд нь 30-аас дээш жилийн настай, шинэчлэх шаардлага тулгарсан учраас “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК болон “Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар станцын тоног төхөөрөмжүүдийг бүрэн шинэчилнэ.
Энэ талаар Эрчим хүчний сайд П.Ганхүү “Монгол Улсын эрчим хүчний салбарыг ОХУ-ын дэмжлэгтэйгээр байгуулсан. ОХУ-д сурч төгссөн боловсон хүчнүүд Монголын эрчим хүчний системийг өнөөг хүртэл авч явж байна. Бид цаашдаа эрчим хүчний салбараа өргөжүүлж, бэхжүүлэх чиглэлээр олон ажлууд хийж байгаа. Манай Засгийн Газар байгуулагдсанаасаа хойш энэ харилцааг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгаа.
Өнөөдрийн хувьд Уралын Турбины үйлдвэртэй дөрөвдүгээр цахилгаан станцын турбины шинэчлэлийн талаар гарын үсэг зурлаа. Энэ нь дөрөвдүгээр цахилгаан станцын тогтвортой найдвартай ажиллагаанд маш чухал ач холбогдолтой. Хүчин чадлын хувьд 80-90 мегаватт нэмэгдэнэ. Мөн станцын ажиллах насыг 30 орчим жилээр уртасгаж өгч байгаа маш чухал санамж бичигт гарын үсэг зурлаа” гэв.
https://www.facebook.com/mnctvchannel/videos/1556749937693149//