Ж.Осгонбаатар: Би дамжуулахаас бусад бүх салбарт ажилласан…

-Юуны өмнө манай ун­­шигчдад өөрийгөө танилц­уулаач. “ТЭЦ-4”-ийг ямар мэдлэг боловсролтой хүн удирдаж байгааг иргэд сонирхож байгаа байх?

-Би Хэнтий аймгийн Галшар сумын хүн. Хэнтий аймгийн төвийн 10 жилийг 1983 онд төгссөн. Хурдны удамтай Галшар нутгийн л хүн дээ. Хөдөө өссөн. Хүүхэд бага нас­наасаа хөдөөгийн амьдралыг өөрийн биеэр туулсан. Бусдын хүүхдийн адилаар эрдэм номын мөр хөөж, дунд сургууль төгсөөд хот хүрээний амьдралд шилж­сэн юм. Тийм түүхтэй хүн.

-Галшар сумын хүн гэхээр адуу санаанд орж байна. Хурдан морь унаж өсч дээ?

-Аав, ах нар маань морь уядаг хүмүүс. Би бага байхдаа даага уяад давхиулж байсан. Сургуулийн нээлтийн үеэр есдүгээр сарын 1-нд багахан уралдаан зохион байгуулдаг байлаа шүү дээ. Тэр уралдаанд даага уяж уралдуулна аа. Ерөнхийдөө сумын наадмаас даваагүй. Гэхдээ сумын наадамд манай морь айргийн тавд орж байсан. Тэр хавьдаа л гайгүй уралдчихдаг байсан юм даг.

-Аравдугаар ангиа төгсөөд гадаадад их сургуульд явсан уу?

-1983 онд аравдугаар ангиа төгсөөд Украин улс руу сургуульд явсан. Тухайн үедээ бусдын адилаар элсэлтийн шалгалт өгсөн. Тэгээд аймагтаа хоёрдугаар байрт шалгарсан юм. Тэр үед дээгүүр байрт орсон болохоор сонголт ихтэй байлаа. Тийм болохоор гадаадын дээд сургууль сонгоод явсан.

Гадаадад сурч, инженер болъё гэдэг утгаар нь сонголтоо хийгээд явж байлаа. Тухайн үедээ бол мэргэжлийнхээ мөн чанарыг сайн мэдэхгүй шүү дээ. Хөдөөний хүүхэд юм чинь. Инженер болох юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд л явсан. Тэгээд 1989 онд сургуулиа төгсч ирээд Эрчим хүчний тоног төхөөрөмж засварын нэгдсэн үйлдвэрт мастераар ажилд орсон. Энэ бол Эрчим хүч гэх том айлд орж ажиллахын эхлэл байлаа.

-Мэдээж Орос руу сур­гуульд явж байгаа юм чинь хэл­ийг нь сайн судалсан бай­сан биз. Хэлний бэлтгэл суу­даг байсан байх аа, тэр үед?

-10 жилийн хүүхдийн хэмжээнд л мэддэг байсан. Тусгай сургууль төгссөн, мэдлэгтэй хүүхдүүдийн дэргэд бол Орос хэл мэдэхгүй гэсэн үг. Ядахад хэлний бэлтгэлгүй явчихсан. Тэгээд хагас жил будилж байгаад Орос хэл сурсан. “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг амин дээр тулаад ирэхээр хурдан сурахаас өөр аргагүй болж байгаа юм чинь. Хамт сурч байсан нөхөд маань бүгд Орос хэлтэй болохоор сурахад дөхөм байсан.

-Оюутан насны дурсамж­аасаа хуваалцаач. Тэр үеийн оюутнууд ямархуу байв. Дээрээс нь Орост сурч байсан хүнд ярих юм их байгаа байх?

-Тухайн үед социалист системтэй орны оюутнууд бүгд ЗХУ-д суралцдаг байлаа. Тэдний нэг нь болж очиж байсан юм. Монгол Улсын боловсон хүчний ихэнхийг тэр үед бэлтгэсэн шүү дээ. Бүхий л салбарынхан суралцаж байсан. Оюутны байранд суудаг байлаа. Амралтаараа Монголдоо ирээд. Галт тэргээр наашаа цаашаа явна. Тиймэрхүү маягаар оюутны он жилүүд минь өнгөрсөн.

-Анх сургууль төгсч ирээд шууд мастер хийсэн гэсэн үү?

-Тэгсэн. Дороо 40-өөд ажилтантай. Үйлдвэрийн нэг цехийн мастер хийж байлаа шүү дээ. Шууд хүн удирдаж эхэлсэн гэж ойлгож болно. Мастер гэдэг бол хамгийн анхны шатны удирдлага шүү дээ. Тийм болохоор өөрөө ч засвар үйлчилгээгээ хийлцээд, хүмүүстэйгээ хамтарч ажил­лаад явж байлаа. 1989 оноос 1992 он хүртэл Эрчим хүч­ний тоног төхөөрөмж засварын нэгдсэн үйлдвэрт мастер хийсэн.

Тэгээд 1992 оноос IV цахилгаан станцдаа инженерээр ирж ажилласан. Түүнээс хойш 22 жил өнгөрсөн байна. Ер нь бол 2009 он хүртэл IV цахилгаан станцдаа инженер, хэлтсийн дарга хийж байгаад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрчим хүчний газар ажиллахаар явсан.

Станцад ажиллаж байх хугацаандаа бол янз бүрийн албанд томилогдож л явлаа. Анх Метал судлал, гагнуурын лабораторит гагнуурын инженер, мөн Металын гэм согог илрүүлэх дефектскопын инженер хийж байсан. Улмаар 1996 оноос Японы Засгийн газрын анхны хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжихэд Төслийн инженерээр ажилласан.

Ин­гээд 1996-2004 он хүртэл гадаадын төсөл хэрэгжүүлэх албанд төслийн инженерээр ажиллаж байгаад 2004 оноос станцийнхаа хангамжийн хэлтс­ийн даргаар ажилласан. Бүхий л сэлбэг, шаардлагатай бараа материалыг ханган нийлүүлэх хэлтэс юм. Энэ албанд 2009 он хүртэл. 2009 оноос Эрчим хүчний газарт Төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргаар очсон юм.

Төсөл хөтөлбөрийн хэлтэс гэдэг маань эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа бүхий л төсөл хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг хариуцаж, техникийн хяналт тавьдаг газар юм. Дотоодын хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл хөтөлбөр, дээр нь гадны тусламжаар хийгдэж байгаа эрчим хүчний бүхий л төслийг хариуцан ажиллаж байлаа. Улмаар 2010 оноос дараагийнхаа ажилд шилжсэн. Би эрчим хүчний нэлээд олон салбарт ажилласан байна.

Эхлээд станцдаа, дараа нь агентлагтаа ажилласан. Дараагаар нь Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ-ын захирлаар 2010 оны есдүгээр сараас ажилласан. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ гэдэг бол манай улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний талаар бодлогыг хэрэгжүүлж ажилладаг байгууллага юм.

Тэнд захирлаар нь хоёр жил орчим ажилласан. Энэ хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх нар, салхины эрчим хүчний нөөцийг тогтоох, улмаар салхины болоод нарны эрчим хүчний хэмжилтийг хийх гэх мэт нэлээд ажлыг хийсэн. Мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжиж байсан төслүүд дээр ажилласан.

Энэ хугацаанд “100 мянган нарны гэр” хөтөлбөр хэрэгжсэн. Монгол орны хөдөө нутагт амьдарч байгаа малчин айлуудыг нарны эрчим хүчээр хангах ажилд гар бие оролцсон юм. Намайг ажиллах хугацаанд 40-өөд мянган айл өрхөд нарны цахилгаан үүсгүүрийг тараах төсөл хэрэгжиж дууссан байдаг. Энэ бол том ажил.

Манай улсад 170 орчим мянган малчин өрх хөдөө орон нутагт амьдарч байна. Хэдхэн жилийн өмнө бүгд лааны гэрэлд амьдардаг байлаа. Харин сэргээгдэх эрчим хүчний ач тусаар өнөөдөр бүгд нарны гэрэлтэй боллоо. Хөдөө орон нутагт амьдралын төвшин өөр болсон. Малчид телевизор үзээд, хөргөгчөө ажиллуулаад явж байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хоёр жил ажиллах хугацаандаа иймэрхүү ажил хийсэн дээ.

Тэгээд 2012 оны арванхоёрдугаар сард дараагийнхаа байгууллагад шилжсэн. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дэд захирлаар очсон. Тэндээ хоёр жилийн хугацаанд ажилласны эцэст энэ оны есдүгээр сарын 15-наас “ТЭЦ-4”-ийн захирлаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Гэхдээ энэ хамт олны дунд ирсэндээ би баяртай байгаа. Яагаад гэвэл энэ миний шинэ хамт олон биш. Үндсэн хамт олон. Миний 17 жилийн хөдөлмөр шингэсэн станц, хамт олон шүү дээ. Ийм л түүхтэй хүн дээ би.

Цахилгаан эрчим хүч хамгийн чухал хэрэгцээ гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй байна

-Та дамжуулахаас бусад салбарт нь ажилласан юм байна. Аль салбар нь хамгийн хүнд, хариуцлагатай байдаг юм бол?

-Бүгд л өвөрмөц онцлогтой. Тэр дундаа цахилгаан станцын ажил илүү онцлог. Эх үүсвэр гэдэг талаасаа шүү дээ. Цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж, дамжуулах сүлжээнд өгч байна. Дамжуулах сүлжээ цаашлаад эцсийн хэрэглэгч рүү түгээдэг түгээх сүлжээнд өгдөг.
Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрчим хүчний хуулиар гурван хэсгээс эрчим хүчний систем бүрддэг. Эх үүсвэр, дамжуулах, түгээх гэсэн. Энэ бүхэнд ажлын хүнд, хөнгөн нь гол биш. Аль аль нь хариуцлагатай ажил гэж боддог. Аль аль нь цахилгааныг айл өрхөд түгээх, ард түмэнд хүргэх хариуцлагатай ажил шүү дээ.

-Үйлдвэрлэл эрхэлж байгаа болон шийдвэр гаргах төвшний хооронд нэлээд зөрүү байх шиг санагддаг. Тухайлбал, үйлдвэрлэгчдийн зовлонг шийдвэр гаргагч нарийн ойлгохгүй шүү дээ. Та болохоор аль, аль төвшинд нь ажилласан, ажиллаж байгаа хүн болохоор нэгийг хэлэх байх л даа?

-Бид цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлээд, дамжуулахад өгч байгаа гэдгийг хэлсэн. Үйлдвэрлэх явцад бидэнд маш олон зовлон бэрхшээл, саад учирч байдаг. Амжилт ч бас байгаа. Түүнийг төр засаг ойлгодог гэж би боддог. Үйлдвэрлэгчид мөн асуудлаа ойлгуулж байх хэрэгтэй.

Өнөөдөр манай станц шинэ бүтээн байгуулалтын хүрээнд 123 МВт-ын өргөтгөлийн ажил хийж байна. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадал илт нэмэгдэж байгаа хэрэг. Энэ бол төр засаг бодлогын хүрээнд дэмжиж явуулж байгаа төсөл шүү дээ. Нөгөө талаас хүндрэлтэй зүйл байлгүй яахав. Хөрөнгө мөнгө, санхүүгийн хувь хүндрэлтэй нөхцөл байдал гарч эхэллээ. Өнөөдөр нэг кВт/цаг эрчим хүч, нэг Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх зардал өсөөд байдаг.

Энэ бол бидэнд үл захирагдах зардал юм. Яагаад гэвэл валютын ханш өсч байна. Гадаад зах зээл дээрх сэлбэг материалын зардал мөн өсч байгаа. Түлш, шатахууны зардал ч бас өсч байгаа. Энэ мэтээр бүх зардал өсөөд байдаг. Гэтэл бидний дамжуулах сүлжээнд өгч байгаа дотоод үнэ маань тогтмол байгаад байна. Энэ асуудал санхүү, мөнгөн урсгалын хувьд хүндрэл үүсгээд байгаа юм.

Дулааны цахилгаан станц гэдэг хүн өдөр тутамд хоол идэж, цай уудаг шиг нүүрс хэрэглэж байна. Нүүрсээ худалдаж авна. Авсан нүүрсээ төмөр замаар тээвэрлэх гэх мэтээр хөрөнгө мөнгө хэрэгтэй болно. Үүнд хөрөнгө мөнгө нь тийм ч хангалттай биш. Нүүрсний уурхай эх үүсвэрүүдийн хооронд өрийн сүлжээ бий болчихсон. Иймэрхүү байдалтай байдаг. Энэ нь өнөөдөр хүндээр тусч байгаа. Бидэнд ч, нүүрсний уурхайнуудад ч хүндрэлтэй байна. Энэ мэтийн асуудал дээр шийдвэр гаргагчид зөв шийдэл олж, анхаармаар байгаа юм.

-Үйлдвэрлэж байгаа цахил­гаан эрчим хүчний үнийг бага зэрэг нэмчихвэл асуудал аяндаа шийдэгдэх юм биш үү?

-Үүнийг маш зөв тайлбарлаж, ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Таван ам бүлтэй айл байлаа гэж бодъё. Нэг хүнийх нь гар утасны төлбөр, нэгжнийх нь мөнгө нэг хүнийх гэхэд сардаа 20 орчим мянган төгрөг болдог. Тэгэхээр сардаа 100 мянган төгрөг зарцуулж байна гэсэн үг.

Энэ мөнгөө бүгд л уралдаж очоод төлдөг, нэгжээ авдаг. Төлөөгүй байвал утас нь хаагдана. Тэгэхээр нь төлөх гээд явна. Хүмүүсийн сэтгэхүйд утасны төлбөрөө төлөх ёстой гэсэн бодол явж байгаа биз. Тэгсэн хэрнээ таван ам бүлтэй айлын цахилгааны төлбөр хамгийн ихтэй 40 мянган төгрөг гарахад яадаг билээ.

Гэр хороололд бол сайндаа 20, 40 мянга гэдэг бол орон сууцны айлуудын хамгийн дээд талын л өртөг. Тийм байтал энэ мөнгөө төлөхдөө өөр сэтгэхүйгээр ханддаг. Харилцаа холбоо чухал хэрэгцээ мөн үү гэвэл тийм. Гэхдээ цахилгаан эрчим хүч хэр зэрэг ач холбогдолтой вэ гэдгийг хүн бүр зөвөөр ойлгох ёстой юм.

Үүнийг л хүмүүст зөвөөр ойлгуулж чадвал болно. Одоо станцууд цахилгаан эрчим хүчнийхээ үнийг нэмэхгүй болохоор 10 тоннын даацтай машин 15 тонн ачаа аччихаад зүтгэж байгаа юм шиг ачаалалтай ажиллаж байна. Түүнээсээ болоод эх үүсвэр, чадал, түүхий эдийн дутагдалд ороод, эдийн засаг, хөрөнгө мөнгөний асуудал дээр хүндрэл үүсээд байгаа юм шүү дээ. Ийм л учиртай.

-“ТЭЦ-4” үйлдвэрлэж бай­гаа нэг кВт/цаг эрчим хүчээ хэдэн төгрөгөөр дамжуулахад өгч байгаа юм бэ?

-Манай станц дамжуулах компанид нэг кВт/цаг эрчим хүчээ 45 төгрөг 49 мөнгөөр өгч байгаа. Эцсийн хэрэглэгчдээ 96 орчим төгрөгөөр очиж байгаа шүү дээ. Яагаад ийм зөрүү гарч байна гэхээр станц болгон өөр үнээр эрчим хүчээ өгдөг. Зардлын төвшин өөр. Яагаад гэвэл бага чадалтай станцууд өндөр зардал гаргаж байж эрчим хүчээ үйлдвэрлэж байгаа юм.

Манай зардал арай гайгүй. Тийм учраас дамжуулахад өгч байгаа тарифууд нь станц болгоных өөр өөр байдаг юм. Бага чадлын станцууд өндөр тарифаар өгч байхад манайх бол 45 төгрөгөөр өгч байдаг. Дамжуулах маань зардлаа нэмээд цаашаагаа түгээхэд өгнө. Түгээх эцсийн үнээр хэрэглэгчид худалдаж байдаг.

-Дөрөвдүгээр цахилгаан станц дамжуулахад өгч байгаа 45 төгрөгөө хэд болгож нэмбэл өр ширнээс эхлээд бүх асуудал шийдэгдэх боломжтой юм бэ?

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Болдог бол хангалттай нэмчихмээр байна. Ядаж биднийг таван төгрөг нэмээд, 50 төгрөг 49 мөнгөөр өгчих гэвэл бид үйл ажиллагаагаа ойр зуур явуулаад, өр ширнийхээ асуудлыг шийдээд явчих боломжтой. Гэхдээ бид сүүлийн үед ядаж нэг юм уу хоёр төгрөгөөр нэмчих боломж байна уу гэдэг хүсэлт тавьж байгаа.

Хэрвээ бид сардаа 300 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлээ гэхэд нэг төгрөгөөр нэмэхэд л 300 сая төгрөг манай станцад орж ирнэ шүү дээ. Манай станц эрчим хүчний нийт хэрэглээний 70 хувийг үйлдвэрлэж байгаа томоохон үйлдвэрлэгч. Тийм учраас үнэ тарифыг багахан хөдөлгөхөд нөлөөлдөг. Хоёр, гурван төгрөгөөр тарифыг маань нэмээд өгчихвөл эдийн засгийн хүндрэлтэй байдлыг давахад маш том дэм болох юм.

-Дамжуулахад өгч байгаа тарифыг нэг төгрөгөөр нэмэхэд хэрэглэгчдэд нэг их дарамт болохгүй биз дээ?

-Хэрэглээнээсээ л хамаарна. Манай 45 төгрөгөөр 47 болгоод, хоёр төгрөг нэмлээ гэхэд тэр нь шууд хэрэглэгч дээр очиж, цахилгааны үнэ нь нэмэгдэхгүй шүү дээ. Замд нь дамжуулах аваад, нийт станцынхаа үнээс хамаараад үнээ нэмнэ. Тэгээд түгээх рүү явна. Нэг кВт-ыг нь таван төгрөгөөр нэмэхэд ард түмэн үнэ нэмэгдчихлээ гэж үздэг.

Тэгэхээр энэ бүхнийг бодох хэрэгтэй. Сардаа хэдэн кВт цахилгаан эрчим хүч хэрэглэж байна, түүнээсээ шалтгаалаад хэдэн төгрөг нэмэгдэх нь гарч ирнэ. Уг нь нэг их дарамт очихгүй гэж үздэг. Гэхдээ л хүмүүсийн сэтгэхүйд цахилгааны үнэ нэмэгдчихлээ гэсэн бодол байдаг байхгүй юу. Бид энэ асуудлыг шийдвэр гаргагчдад хэлж, ярьдаг. Гэвч өнөөдөр ард түмний амьдрал хэцүү байна, түүн дээр нь нэрмээс болохгүй гэдэг бодлого барьдаг байх л даа.

Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг шат дараатай хангаж явах ёстой

-Сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэх зардал цахилгаан станцынхаас хамаагүй бага байдаг уу. Хэрвээ тийм бол сэргээгдэх эрчим хүчээр дутагдаж байгаа хэрэгцээгээ хангавал болох юм биш үү?

-Энэ бол өөр ойлголт. Монгол Улс Сэргээгдэх эрчим хүчний хуультай. Хуулиндаа нэг кВт/цаг эрчим хүчийг эх үүсвэрээс хамаараад тарифыг нь заагаад өгчихсөн байдаг. Тариф нь өндөр байдаг. Жишээ нь, нэг кВт/цаг салхины эрчим хүчний үнэ 9.5 цент байдаг. 9.5 цент гэдэг бол өнөөдрийн ханшаар 170 орчим төгрөг гэсэн үг. Хамаагүй өндөр байгаа биз дээ.

Энэ зөрүүг нь улс татаасаар өгч байдаг. Тухайн улс орны бодлогод нийцүүлж, дамжуулах сүлжээ зөрүүг нь татаасаар өгдөг байхгүй юу. Манай улс гэлтгүй сэргээгдэх эрчим хүчний хуультай бусад орнууд ч гэсэн зөрүүг нь төлж байгаа. Ногоон эрчим хүчийг дэмжих гэдэг утгаараа шүү дээ.

-Салхи, нар, ус гэдгээсээ үл хамаарах уу?

-Бүхий л сэргээгдэх эрчим хүчний тарифыг хуулиндаа тусгаад өгчихсөн байдаг юм. Тэр тарифаараа л явах ёстой. Тарифыг нь эрчим хүч худалдах, худалдан авах гэрээндээ заагаад өгчихсөн байдаг юм. Манай Салхитын салхин парк ч гэсэн яг энэ зарчмаар тарифаа тогтоогоод, төр татаасаа өгөөд явж байгаа.

-Яагаад тийм өндөр тариф тогтоож өгч байгаа юм бэ?

-Ногоон эрчим хүчийг дэмжих. Байгальд ээлтэй эрчим хүчийг дэмжих, хүлэмжийн хийг бууруулах нь дэлхий нийтийн бодлого. Бодлогоор дэмжиж байгаа гэсэн үг. Цаанаасаа ингэж дэмжиж байгаа болохоор тариф нь өндөр тогтоож байгаа юм. Манай Салхитын салхин паркийн тогтоож өгсөн 9.5 центийн үнэ бол гадны бусад орнуудтай харьцуулахад тийм ч өндөр биш. Хүмүүс үйл ажиллагааны зардал бага учраас хямдхан байх ёстой гэж ойлгодог юм шиг байгаа юм.

Үйл ажиллагааны зардал цахилгаан станцынхаас хамаагүй бага нь үнэн. Гэхдээ хөрөнгө оруулалтын зардал өндөр. Нэг МВт цахилгаан станц байгуулах сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах өртөг нэлээд том зөрүүтэй. Түүнээс болоод тариф нь өндөр болдог. Нөгөө талаасаа ногоон эрчим хүчийг дэмжих гээд олон асуудал байгааг би өмнө нь хэлсэн шүү дээ. Энэ үүднээсээ үнэтэй тарифыг дэлхий нийтээрээ мөрддөг юм.

-“ТЭЦ-4” бол улсын эрчим хүчний ихэнх хувийн үйлдвэрлэж байгаа. Түүний хажуугаар спортын салбарт ч хөрөнгө оруулалт хийж, “Эрчим” нэртэй багуудыг тэмцээн уралдаанд оруулдаг. Ерөнхийдөө өргөн цар хүрээтэй байгууллага. Тэгвэл та ажиллаж дассан, сурсан хамт олон дээрээ ирээд, удирдах төвшинд ажиллаж байгаагийн хувьд цаашид ямархуу чиглэлээр явах төлөвлөгөөгөө гаргасан л байгаа байлгүй. Өөрийнхөө төлөв­лөгөөнөөс бага зэрэг хуваал­цвал. Энэ хамт олныг хааш нь чиглүүлж, ямар ажил хийе гэж бодож байгаа вэ?

-Манай станц спорт, урлагаараа нэртэй байгууллага. “Эрчим” клуб гэж байдаг. Гар бөмбөг, сагсан бөмбөг, хөлбөмбөг гээд багийн спортоор нэлээд нэр хүндтэй болсон. Бүхий л уралдаан тэмцээнд “Эрчим” клуб оролцож байгаа. Түүнээс гадна “Эрчим” нэртэй хамтлагтай. Олон жил дуулаад явчихсан уран бүтээлчид байдаг. Дөрөвдүгээр цахилгаан станцын спортын баг, хамтлагийг цаашид дэмжиж явна.

Аль болохоор нэр төрийг нь өндөрт өргөж явах зорилготой байгаа. Харин станцынхаа хувьд удирдлагын болоод техник технологи бусад чиглэлээр өөрийн гэсэн санаа бодлоо хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Тэгэхдээ өөрийн гэсэн хөтөлбөр гаргаж явна. Тэр дундаа техник технологийн дэвшлийг юун түрүүнд станцдаа суурилуулна. Станцад өмнө нь хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжсэн.

Одоо ч гэсэн төсөл хэрэгжээд явж байна. Цаашдаа хөрөнгө оруулалтаа хийж, станцаа орчин үеийн станц болгоно. Ялангуяа байгальд ээлтэй чиглэлээр, ажилтнуудаа аюулгүй орчинд ажиллуулах чиглэлээр хийхээр бодсон зүйл бий. Мөн дэвшилттэй, тэргүүний, хүн хүч, хөрөнгө мөнгө хэмнэсэн, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх талаар санаа тавьж ажиллана гэж бодож байгаа. Энэ бол миний нэг чиглэл гэж боддог.

Дээр нь хөрөнгө мөнгөний боломжтой нөхцлүүдийг аль болохоор бүрдүүлнэ. Ингэснээр ажилчдынхаа нийгмийн асуудлыг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэх тал дээр анхаарч ажиллахаа төлөвлөж байна. Манай станц 1500 гаруй ажилтантай. Нэлээд олон хүн өндөр насны тэтгэвэрт гарч, оронд нь залуучууд их ирж байгаа. Залуучуудаа сургах, чадавхийг нь дээшлүүлэх, өндөр чадвартай ажилтан, боловсон хүчин бэлтгэх тал дээр анхаарч ажиллана гэж бодож байгаа. Энэ мэт санаж бодсон ажлууд байгаа. Энэ бүхнийг шат дараатай хэрэгжүүлнэ дээ.

-Энэ жилдээ багтаад 123 МВт-ын өргөтгөл ашиглалтад орно. Энэ өргөтгөл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны хэрэгцээг хангахад оролцоод явах байх. Цаашид цахилгаан, дулааны хэрэгцээ асар хурдтай нэмэгдэж таарна. Тийм болохоор дахиад өөр өргөтгөл, шинэтгэлийн ажил хийхээр төлөвлөж байгаа болов уу?

-Эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд ялангуяа илт нэмэгдэж, жилд 10-аад хувиар өсч байгаа. Энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хоёр чиглэлд салгаж ойлгох хэрэгтэй. Цахилгаан эрчим хүч болон дулааны эрчим хүчний хэрэглээ гэж.

Цахилгаан эрчим хүчний хэрэглээг нүүрсний уурхай дээр том чадлын станц барих замаар хангах хэрэгтэй. Энэ асуудлыг одоо ид ярьж байна. Хувийн хөрөнгө оруулалт, концессын гэрээг дэмжих асуудлыг ч ярьж байгаа. Эн бол маш зөв зүйтэй ажил. Яагаад гэвэл, цахилгаанаа л авч байвал станцыг заавал Улаанбаатар хотод бариад байх шаардлагагүй. Том том цахилгаан станцуудыг нүүрсний уурхай дээр барьвал тээврийн зардал хэмнэнэ.

Нүүрсээ уурхайн аман дээрээс нь авчихна. Энэ маягаар цахилгаан эрчим хүчээ хангах нь хамгийн зөв хувилбар гэж би боддог. Дулааны эрчим хүчний хувьд Улаанбаатар хот дотроо л байх хэрэгтэй. Нийслэлийн өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэгцээг хангахад шинэ эх үүсвэр барих, эсвэл өргөтгөл хийх шаардлагатай.

Энэ чиглэлээр манай болон бусад станц дээр өргөтгөл шинтгэлийн ажил явагдах байх. Дээр нь Амгалангийн дулааны станц энэ жил ашиглалтад орно. Хотын зүүн талын хэсгийн дулааны хэрэгцээг хангахад гол нөлөө үзүүлнэ. Ер нь цаашдаа станцаа өргөтгөх, аль болох орчин үеийн техник технологи суурилуулах чиглэлээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

-Манайхан ураны асуудал яриад байх юм. Атомын цахил­гаан станц байгуулах боломж байдаг юм болов уу?

-Энэ талаар холбогдох мэргэжилтнүүд нь судалж байгаа байх. Хамгийн баг зардал буюу эх үүсвэрээр хамгийн их эрчим хүч гаргадаг станц бол атомын цахилгаан станц гэж дэлхий нийтээрээ үздэг. Аюулгүй ажиллагаа, байгаль орчин ээлтэй, ээлгүй гэдэг нь тусдаа асуудал. Үүнийг төр засгийн төвшинд шийдэх хэрэгтэй.

Мэдээж шийдэх л байх. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх Атомын цахилгаан станцыг барьж болох байх. Гэхдээ аюулгүй ажиллагаа гэдэг нэг айхтар зүйл байна. Одоо Европ тэр чигээрээ Атомын цахилгаан станц аюултай гээд л байх юм. Зарим улсууд Атомын цахилгаан станц хамгийн үр ашигтай хувилбар юм гээд байдаг. Янз бүрийн олон ургалч үзэл гарч ирдэг. Энэ бүхнийг төр засгийнхан, эрдэмтэд судалж байгаа биз.

-Гэхдээ манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмжээ бага байх л даа?

-Манай улсад 4000 МВт-ын цахилгаан станцууд ашиглалтад орвол хэрэглээ байхгүй шүү дээ. Гадаад руу экспортолно гээд яриад байгаа. Гадаадын улсууд манайхаас эрчим хүч авах уу, үгүй гэдэг асуудал гарч ирнэ. Гэхдээ ямар ч байсан бид өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг шат дараатай хангах боломжтой эх үүсвэрийг бодлогын хүрээнд шийдээд л явах ёстой.

Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn