2015 оны 3 дугаар сар 27-ны өдөр Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо (МЭХИХ)-ны удирдах зөвлөлийн гишүүд, төрийн ба хувийн компаниудын төлөөлөгчид манай станцад зочилж сүүлийн жилүүдэд хэрэгжсэн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.
Зочдын бүрэлдэхүүнд МЭХИХ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Ганжуур, удирдах зөвлөлийн гишүүд, “ДҮТ” ТӨХК, “Мон Энержи Консалт” ХХК, “Ди Юу Би Би” ХХК, “Хангилцаг” ХХК, “Цагаан хорол” ХХК, “МCS” ХХК, “Алтай трейд” ХХК, “УБЦТС” ТӨХК, “Монголын Гагнуурчдын Нийгэмлэг” ийн нийт 56 зочид багтсан байв.
Зочид шинээр суурилагдсан Турбоагрегат №7, 210 МВт-ын Дулааны Дэд Станц, Эсрэг Осмосын системтэй газар дээр нь танилцсаны дараа “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер М.Амарбаясгалан тус станцад сүүлийн 2 жилд хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд болон шинэ турбины бүтээн байгуулалтын талаар товч танилцуулга хийв.
Танилцуулгын дараа МЭХИХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Ганжуур тус холбооноос зохион байгуулж буй цуврал арга хэмжээний нэг болох “Бүтээн байгуулалтын аян”-ны хүрээнд шинээр богино хугацаанд суурилагдсан 123 МВт-ын турбинтай танилцсандаа сэтгэл хангалуун байгааг нийт зочдын өмнөөс илэрхийлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Улс орны өсөн нэмэгдэж буй цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээг урьдчилан харж, түрүүлээд хүчин чадлаа нэмэгдүүлэх арга хэмжээг авч бэлдсэн байгааг харахад бахархалтай байна” гэлээ.