ПРОГРАММ ХАНГАМЖ АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕРИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ, ГАГНУУРЧДЫН ЧАДАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ПРОГРАММ ХАНГАМЖ АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ

Аж үйлдвэрийн IV хувьсгал эрчимтэй явагдаж байгаа өнөөгийн цаг үетэй зэрэгцэн компанийн программ хангамж автоматжуулалтын инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг ШУТИС-МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ, МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТЫН ТӨВТЭЙ хамтран 2021 оны 02 дугаар сард цахимаар амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг гүйцэтгэгч байгууллага болох МХТС, түүний дэргэдэх сургалтын байгууллага нь манай байгууллагын ИТА-уудад зориулан тухайлсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан салбартаа тэргүүлэгч багш нараар сургалтыг заалгаж, байгууллагын зүгээс ажилтнуудаа ажлаас нь чөлөөлөн үр дүнтэй суралцах боломж бололцоог бүрдүүлэн ажилласан. Энэхүү сургалт нь нэг удаагийн сургалт бус цаашид үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сургалтад хамрагдсан ажилтнууд сургалтын агуулгын хүрээнд сургалтын стенд, программ дээр биечлэн ажиллаж үзэх хүсэлтүүдийг сургалтын төгсгөлд гаргаад байгаа билээ. Иймээс байгууллагын зүгээс дижитал технологийн эрин үед зайлшгүй анхаарах өндөр шаардлага бүхий программ хангамж, автоматжуулалтын инженерүүдээ үе шаттайгаар хөгжүүлэх сургалтын бодлого энэ удаагийн сургалтаар эхлэлээ тавьж байгааг дуулгахад таатай байна.

ГАГНУУРЧДЫН ЧАДАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ

“ДЦС-4” ТӨХК нь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/124 тоот шийдвэрийн дагуу “Эрчим” мэргэжлийн сургалтын байгууллагыг албан ёсоор байгуулан, мэргэжлийн сургалт эрхлэх 187/2020 тоот тусгай эрхийн хүрээнд Гагнуурчны мэргэжлийн чадамжийг эзэмшүүлэн ажиллаж байна. Тус станц нь гагнуурчны нийт 66 батлагдсан орон тоотой бөгөөд нийт гагнуурчдын чадамжийг дээшлүүлэх хүрээнд “Сургалт хөгжлийн журам”, “Ажилтнаас мэдлэгийн шалгалт авах журам”-уудын дагуу жил тутамд онол болон практик хосолмол сургалтуудыг тасралтгүй зохион байгуулан ажилладаг.

Мэргэжлийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд цар тахлын хүнд үед бид бүхэн гагнуурчдын сургалтыг цахим программуудыг ашиглан тасралтгүй зохион байгуулж, чадамжийн түвшин тогтоох шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан амжилттай зохион байгуулж мэргэжлийн чадамжийн шаардлага хангасан буюу өндөр даралт, температур бүхий шугам хоолойг гагнах гагнуурын категорийн эрхтэй 19 гагнуурчныг гагнуурын чадамжийн II түвшний гэрчилгээ олгож байна.