Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгуулах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тушаалаар томилон ажиллуулж компаниудын өвлийн бэлтгэл, их, урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллаж байна.
Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийтдээ 1722 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсний их засварын ажлаар 1072, хөрөнгө оруулалтын ажлаар 360, техник зохион байгуулалтын арга хэмжээгээр 290 нэр төрлийн ажил хийхээр тус тус төлөвлөсөн. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 93 хувьтай байна.
Дулааны цахилгаан станцуудын гадна талбай дээрхи нүүрсний нөөц
/10 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар/ Аж ахуй нэгж, ДЦС Гадна талбай дээрх нүүрс /тонн/ Өвлийн их ачааллын хоногоор “ДЦС-2” ТӨХК 12175 13 “ДЦС-3” ТӨХК 47023 10 “ДЦС-4” ТӨХК 202934 15 “ДДЦС” ТӨХК 23942 11 “ЭДЦС” ТӨХК 32180 20 “ДБЭХС” ТӨХК 40234 25 Нийт 358488
Монгол Улсын эрчим хүчний салбарын хэмжээнд 2015-2016 оны өвлийн горимыг 8 дугаар сарын 26-ны өдөр салбарын Ерөнхий инженерүүдийн хурлаар хэлэлцэн баталж, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мөрдөн ажиллана. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн аваари, саатлын үед тусгай горимоор ажиллах болно.
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2015-2016 оны өвлийн горимд оргил ачаалал 1242.11 МВт хүрэх төлөвтэй байна. Энэ нь өмнөх өвлийн оргил ачааллаас 40 МВт-аар өсөхөөр байна.
Төвийн эрчим хүчний системд “Дулааны цахилгаан станц-4”-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2012-2014 онд, “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2013-2014 онд тус тус амжилттай хэрэгжүүлж ашиглалтад оруулснаар энэхүү өсөлтийг бид дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хааж ажиллах боломж бүрдсэн төдийгүй, өвлийн их ачаалалд “Дулааны цахилгаан станц-4” дээр нэг турбингенератор, нэг зуух бэлтгэлд байхаар горим төлөвлөлтийг хийгээд байна.
Харин бусад системүүдэд шинээр эх үүсвэрүүд баригдахгүй удааширч байгаагаас эх үүсвэрийн дутагдалд орж өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангаж чадахгүй байдал үүсээд байна.
Дорнод бүсийн эрчим хүчний системийн хувьд Чойбалсангийн дулааны цахилгаан станц нь суурилагдсан хүчин чадал нь 36 МВт, 1969 онд ашиглалтад орсон насжилт өндөртэй станцуудын нэг бөгөөд техникийн боломжит хүчин чадал нь 34 МВт тул сүүлийн жилүүдэд станц бэлтгэл тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажилласан.
Монгол Улсын Засгийн газраас Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 100 МВт-аар өргөтгөх төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх шийдвэрийг 2012 онд гаргаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар 2013 онд тендер зарлаж, 5 компани тендерт оролцсон. Одоогоор үнэлгээ хийгдэж байна.
Энэхүү төсөл хэрэгжиж станцын өргөтгөл ашиглалтад орох хүртэл хугацаанд тус бүс нутагт шинээр ашиглалтад орох томоохон хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах боломжгүй байдал үүсээд байна. Иймд станцын өргөтгөлийн төслийг яаралтай эхлүүлж 2016 онд ашиглалтад оруулах шаардлагатай байна.
Баруун бүсийн эрчим хүчний системийн хувьд хэд хэдэн байршилд шинэ эх үүсвэр барихаар төлөвлөж байгаа хэдий ч 2015-2016 оны өвлийн горимд ямар нэгэн шинэ эх үүсвэр системд нэмэгдэхгүй тул ОХУ-аас импортоор эрчим хүч авч Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудыг цахилгаан эрчим хүчээр хангана.
ОХУ-ын талаас хагас жил тутам импортын эрчим хүчний үнээ нэмж байгаагаас тус компани жил бүр 8.0-10.0 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, улсын төсвөөс татаас олгож байна.
Иймд цаашид тус бүс нутагт 60-100 МВт-ын шинэ эх үүсвэрийг яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна.
Алтай-Улиастайн эрчим хүчний системийн хувьд Говь-Алтай, Завхан аймгууд багтдаг бөгөөд Тайширын усан цахилгаан станц, дизель станцуудаар эрчим хүч үйлдвэрлэн хэрэглэгчдийг хангаж байна.
Дизелийн түлшний үнэ жил бүр нэмэгдэж, аймгуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгааг харгалзан яаралтай шинэ эх үүсвэр барих нь зүйтэй.
Шинэ эх үүсвэр баригдаж ашиглалтад ортол тус 2 аймагт дизель станцууд зайлшгүй ажиллах тул дизелийн түлшний татаасыг жил бүр улсын төсөвт тусган батлуулж ажиллаж байна.
Өмнөд бүсийн эрчим хүчний системийн хувьд Оюутолгойн орд газрыг БНХАУ-аас импортоор эрчим хүч аван хангаж, бусад хэрэглэгчдийг Даланзадгадын дулааны цахилгаан станц, Ухаахудгийн цахилгаан станцаас эрчим хүчээр хангаж байна.
Өмнөговь аймгийн төвийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж буй Даланзадгадын дулааны цахилгаан станц нь 2015-2016 оны өвлийн их ачаалалд 2 зуух, 1 турбингенераторын горимд ажиллан, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүч болон 35 кВ-ын хэрэглэгчдийн оргил ачааллыг 1.2 МВт, бага ачааллыг 0.75 МВт байхаар тооцон 1.4 сая кВт.ц цахилгаан, 21.6 мян.Гкал дулааны эрчим хүчийг түгээхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 293 дугаар тогтоолоор Даланзадгадын дулааны цахилгаан станцын эвдэрсэн турбингенераторыг шинэчлэн солих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан боловч санхүүжилтийн эх үүсвэр бүрэн шийдвэрлэгдээгүй тул гүйцэтгэгчтэй гэрээ
байгуулаагүй байна. Гүйцэтгэгч компаний зүгээс 2016 оны 1 дүгээр улиралд төлбөрөө төлнө гэж баталгаа өгвөл өөрсдийн хөрөнгөөр хийх боломжтой талаар мэдэгдээд байгаа.
“Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хувьд жил бүр улсын төсвөөс татаас авч үйл ажиллагаагаа явуулдаг төдийгүй зуны улиралд арилжааны банкнаас богино хугацаат зээл авч ажилчдынхаа цалинг олгож ажилладаг тул турбины засварт шаардлагатай хөрөнгийг өөрсдөө санхүүжүүлэх боломжгүй юм.
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Монгол орны цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг Эрчим хүчний сайдын 2015 оны 122 дугаар тушаалаар тогтоон мөрдөн ажиллаж байна.
Төвлөрсөн хот, суурин газруудын хэрэглэгчдийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүчээр хангаж байна. 2015 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар Улаанбаатар хот, Дархан хот, Эрдэнэт хот, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар, Ховд, Увс аймгийн төвүүдийн бүх хэрэглэгчдийг дулаанаар хангаад байна.
Эрчим хүчний салбарт хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд:
Эрчим хүчний эх үүсвэрүүдийг шинээр барьж, чадлын дутагдлыг хаах, импортыг багасгах, чадлын нөөц бий болгох, эх үүсвэрүүдийг холбосон өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугам сүлжээг барьж системийн найдвартай ажиллагааг хангах, эрчим хүчний горимын тохируулга хийх Усан цахилгаан станцыг барьж байгуулах нь салбарын өмнө тулгамдсан асуудлууд болж байгаа бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Дулааны цахилгаан станц–5”, “Багануурын дулааны цахилгаан станц”, “Тавантолгойн дулааны цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” төслүүдийг хэрэгжүүлэхээр тодорхой шийдвэрийг гарган ажиллаж байна.
Энэ хүрээнд “Дулааны цахилгаан станц–5”, “Багануурын дулааны цахилгаан станц” төслүүдийн концессын гэрээ болон “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г байгууллаа.
2015-2016 оны өвлийн их ачааллын горимд сүлжээнд нэмж залгах эх үүсвэр, шугам сүлжээнүүдийн талаар:
1. Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348 МВт хүчин чадалтай “Амгалан дулааны станц”-ыг барихаар шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам БНХАУ-ын СМЕС (Чайна Машинери Инженеринг Корпораци)-тай 2013 оны 4 дүгээр сард түлхүүр гардуулах нөхцөлтэй концессын гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга угсралтын ажлыг 2013 оны 8 дугаар сарын 21-нд эхлүүлсэн.
“Амгалан дулааны станц” нь 116 МВт-ын 3 ширхэг зуух, нүүрс хадгалах байгууламж, вагон хөмрөгч, нүүрс дамжуулах конвейрууд, үнс, утаа шүүх байгууламжууд гэх мэт 36 төрлийн барилга, байгууламж, орчин үеийн тоног төхөөрөмжүүд, нэгдсэн компьютерын хяналт удирдлагын /DSC/ системтэй иж бүрэн станц баригдсан бөгөөд үүнд нийт 105.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 98 хувьтай байгаа бөгөөд одоо туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажил хийгдэж байна. Техникийн комиссыг 9 дүгээр сарын 20-нд ажиллуулсан.
Амгалангийн дулааны станц нь 2015-2016 оны халаалтын улирлын хугацаанд Улаанбаатар хотын зүүн хэсэг буюу Жуковын музейгээс зүүн тийшхи барилга, орон сууцнуудыг дулаанаар ханган ажиллаж байна.
Энэхүү станц баригдснаар 20000 айл өрхийн дулаан хангамж сайжирч, 40000 айл өрхийг шинээр дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.
2. “Улаанбаатар их тойрог сүлжээ” төслийг Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын Нийслэлийн Засаг дарга нар хамтран 2012-2015 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд нийтдээ 15 төсөл, арга хэмжээг улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрүүдээс санхүүжүүлэн 173.3 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Төслийн хүрээнд 220,110кВ-ын 102.6 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ-ын “Сонгино” дэд станц, 110 кВ-ын “Хөшигт”, “Баянгол”, “Радио телевиз”, “7 дугаар хороолол”, “Зайсан”, ”14 дүгээр хороолол”, “Шинэ яармаг”, “Яармагийн гүүр”, “Буянт-Ухаа” “Залаат” гэсэн нийтдээ 11 дэд станцыг шинээр барьж байгаа ба эхний 6 дэд станц угсралтын ажил дуусч техникийн комисс ажиллуулаад байна. Төслийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Улаанбаатар хотын хойд тойргийн шугам, дэд станцуудын барилга угсралтын ажил дуусч, техникийн комисс ажиллуулахаар бэлтгэж байна. Энэ сүлжээ хүчдэлд холбогдсноор 7-р хороолол, Баянголын ам, МҮОНРТ орчмын шинэ хорооллуудыг цахилгаан эрчим хүчээр хангана.
Шинэ яармаг дэд станцыг түр цахилгаанаар хангах холболт хийж Буянт-Ухаа-2, шинэ Яармаг хорооллуудыг цахилгаанаар хангахаар горим тооцоог хийн бэлтгэж байна.
Эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнүүдийн үр дүнд шинээр хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар хангах боломж бүрдэж 2015-2016 оны өвлийн их ачааллын горимд дулааны эрчим хүчний хувьд Улаанбаатар хотод 249 Гкал/цаг ачаалал, Дархан хотод 33 Гкал/цаг, Эрдэнэт 36 Гкал/цаг, Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 8 Гкал/цаг ачааллыг тус тус нэмж сүлжээнд залган ажиллаж байна.
Улаанбаатар хотын хувьд нийт 236 барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр, 23600 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангалаа.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
2015.10.22