Тоноглолын найдвартай ажиллагаан дээр нэмэх нь үр ашиг, энэ л миний хийх ажил

img_4396

“Манай ДЦС Монгол Улсын стандартад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Мэдээж хэрэг бүх зүйл бүрэн төгс шийдэгдсэн гэж би хувьдаа хэлэхгүй. Бид найдвартай, үр ашигтай аль болох байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг гол зорилгоо гэж тодорхойлсон” хэмээн өгүүлж суугаа эрхэм бол “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн дарга С.Анхбаяр. Дашрамд өгүүлэхэд, станцынхаа удирдлагын багт 10 шахам жил ажиллаж, ялангуяа сүүлийн жилүүдэд бодлого төлөвлөлт дээр ажилласан  эдийн засагч нэгэн юм билээ. Ингээд түүнтэй цаг үеийн асуудлаар хийсэн ярилцлагаа хүргэе.

-2016-2017 оны өвөлжил­тийн бэлтгэл  хангагдсан  гэж Засгийн газар мэдээлсэн. Монгол Улсын эрчим хүчний салбарын ачааны хүндийг IY цахилгаан станц  үүрч явдгийн хувьд та бүхэн ч гэсэн өвөлд бэлэн үү гэж асуумаар байна?  

-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие ажлаа хүлээж аваад нэг сар орчим хугацаа өнгөрч байна. Өмнө нь энэ байгууллагад ажиллаж байсан болохоор  станцын ажил байдалтай танилцахад цаг алдсангүй.   Ажлаа хүлээж авсан даруйдаа тулгамдаж байгаа асуудлууд түүний дотор өвөлжилтийн бэлтгэл хангах  ажилд анхаарлаа хандуулсан.  Өнөөдрийн байдлаар нийт ажилчдын 91.8 хувь нь   ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орсон байна.

Үүний үр дүнд  өвлийн оргил ачааллын үед хүн хүчгүйдэхийн зовлонг амсахааргүй болсон гэсэн үг. Бид өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг  долоон бүлэгт хувааж төлөвлөөд, графикийн дагуу ажил маань 100 хувийн биелэлтэй  байна. Өнөөдөр л гэхэд манай станц 5 зуух, 5 турбины горимтойгоор ажиллаж байна. Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн графикийн дагуу төлөвлөгөө ёсоор өнөөдөр л гэхэд цахилгаан үйлдвэрлэл 490 МВт ачаалалтай, дулаан хангамжийн хувьд 10000 тонн/ц сүлжээний устай хотын халаалтыг хийж байна.

Үндсэн тоноглолын хувьд хоёр зууханд их засвар, хоёр зууханд  дунд засвар, нэг тур­бинд их засвар, мөн хурц уурын хоёрдугаар секцийн шуга­мын их засвар, нэг илчит тэрэг­ний их засвар хийх төлөв­лө­гөө­тэй байсан. IV дүгээр зуух­ны их засварыг дуусгаад, хүй­тэн, халуун туршилт хийн ажиллагаанд залгасан. Графикийн дагуу ТГ-6 ийн их зас­вар арван­нэг­дүгээр сарын 10-нд дуусна. Илчит тэрэгний их засвар ОХУ-д  хийгдэж буй. Дараа сард ирэх ёстой.  Бүх ажил графикийн дагуу явж, өнөөдрийн байд­лаар ажлын гүйцэтгэл 90 ор­чим хувьтай байгаа нь манай станц, үндсэндээ өвөлд бэлэн гэсэн үг.

-Станц хэвийн ажиллахад үндсэн тоноглолын найдвар­тай ажиллагаанаас гадна  нүүрсний нөөц чухал. Өнөөдрийн байдлаар  станц хэд хоногийн нүүрсний нөөцтэй байна вэ?

-Гэрээ ёсоор 2016 онд 3.3 сая тонн нүүрс татаж авахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 2.5 сая тонн нүүрс татчихаад байна. Графикийн дагуух гүйцэтгэлийг жилээр нь авч  үзвэл хэвийн гэж дүгнэж болно. Засгийн газрын тогтоолын дагуу ДЦС өвлийн улиралд 20 хоногийн нүүрсний нөөцтэй байх үүрэг хүлээсэн. Дулааны IY станц 158 мянган тонн буюу 18 хоногийн нүүрсний нөөцтэйгөөр, үйлдвэр­лэл  хэвийн ажиллаж  байна.

-Монгол Улс эрчим хүчний хэд хэдэн эх үүсвэртэй ч гаднаас импортолсоор байгаа. Тэгэхээр асуудал зохицуулалтад байна уу. Эсвэл ДЦС-уудын хүчин чадал хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа хэрэг үү?

-Манай улс импортын эрчим хүчийг хэрэглэж байгаа гол шалтгаан нь системийн давтамжийг тохируулах, оргил ачааллын үед тодорхой хувь хэмжээгээр оргил ачааллыг хаах, аваарь, саатал гарсан үед түр хугацаагаар импортын эрчим хүч авах шаардлагатай байдаг.  Учир нь орой ажил тарах үеэр  эрчим хүчний хэрэглээний ачаалал эрс  нэмэгддэг атлаа үдшийн 22:00 цагаас хойш ачаалал буурч экспортын урсгал бий болдог. Энэ нь том хүчин чадлын зуух, турбин зэрэг тоноглолуудыг шөнийн ачаалал багассан үед байнга зогсоогоод байх боломжгүй. Ачааллыг хасаад хамгийн бага ачаалалтай ажил­луул­сан ч гадагшаа цахил­гаан урсгадаг асуудал бай­даг. Өнөөдрийн байдлаар ма­най улсын эрчим хүчний тех­ник, тех­но­логийн боломж ийм бай­на. Уг нь ачаалал, урс­га­лыг тохируулах гол станц нь усан цахилгаан станц бай­даг л даа. Салхины станц нь салхин­даа захирагддаг учраас яг оргил ачааллын үед ачаалал авч чадахгүй байх тохиолдол байдаг.

Дээр хэлсэнчлэн манай станц  долоон турбин, найман зуухтай атлаа  өнөөдрийн байдлаар  таван зуух, таван турбины горимтой ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр турбин, хоёр зуухаа нөөцөд байлгаж байгаа гэсэн үг. Тэр хэрээр манайд нөөц байгаа. Их, дунд, урсгал засвар дуусч ашиглалтад хүлээн авсны дараа бидэнд эрчим хүч нэмж үйлд­вэр­лэх бололцоо гарна. Юуны түрүүнд дотоодынхоо цахил­гааны хэрэглээг хангах нь чухал. Мэдээж бид төлөвлөснөөсөө илүү эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ зах зээлд нийлүүлж гэмээнэ тэр хэрээр  эдийн засгийн үр ашгийг тодор­хой хувиар дээшлүүлж чадна.

-Нийслэлийн хүн ам нэмэг­дэхийн хэрээр эрчим хүчний хэрэг­лээ нэмэгдэх болсон. Жилээс жилд шинэ шинэ орон сууцны хорооллууд сүн­дэр­лэж буй. Энэ өсөн нэ­мэг­дэж байгаа хэрэглээг даах чадвар танай станцын хувьд ямар вэ. Ойрын үед тех­никийн шинэчлэл хийх, эсвэл өргөтгөх шаардлага бий юу?

-Техник, тоног төхөөрөмж, хүчин чадлын хувьд  хангалттай.  Манай станц яг одоо 490 мВт-ын цахилгаан үйлдэрлэж байгааг та бид хоёр дэлгэцнээс хараад сууж байна. Станцын  суурилуулсан хүчин чадал бол 703 мВт.  Манай жилийн дундаж тоног ашиглалт 57 хувьтай гардаг. Тоноглолуудыг зогсоох шаардлага зайлшгүй гардаг. Графикт их, урсгал засвар хийх, үйлчилгээ хийх, зуны бага ачаалал болон шөнийн бага ачааллын үед тоноглолуудыг зогсоодог. Мөн аваар, саатлын үед тоноглол зогсдог. Импортын гэрээг биелүүлэхийн тулд манай станцын ачааллыг хасч бага ачаалалтай ажиллуулдаг. Салхин станц ч мөн манай станц бүрэн хүчин чадлаар ажиллахад нөлөөлдөг.

-Уучлаарай, би мэргэжлийн хүн биш учраас хар таамгаар асууж буй хэрэг. Шөнийн илүүдэл, ОХУ руу хямд өртгөөр нийлүүлдэг эрчим хүчээ Оюутолгойд нийлүүлж болдоггүй юм уу?

-Энэ бол системийн  нэгдсэн бодлогоор шийдэгдэх асуудал. Бид Оюутолгойд эрчим хүч нийлүүлж болно. Гэхдээ эхний ээлжинд БНХАУ-ын эрчим хүчний системтэй холбоотой ажиллаж, ямар нэгэн хэмжээгээр манай төвийн эрчим хүчний системээс Оюутолгойг цахил­гаа­наар хангах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Оюутолгойгоос тавих шаардлагыг ч ойлгож байна. Тасралтгүй, найдвартай байх ёстой. Бид Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийг олон жил цахилгаанаар хангалаа, болж л байсан. Та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бүх машин, бүх зуухаа 24 цагаар жилийн  турш  нэгэн зэрэг ажиллуулаад  байх боломжгүй шүү дээ. Аль нэг нь саатвал, зогсвол, засварт орвол яах юм бэ.  Техникийн  бэлтгэл буюу нөөц гэж байх ёстой. Үүнийг л  системийн бодлого гэж хэлээд байгаа хэрэг.

-Иргэд танай станцаас гарч буй уурыг утаа гэж андуурах нь бий. Би  тэдний нэг байв. Тэгээд стан­цын үйл ажиллагаатай танил­цах үедээ учрыг олоод зогсох­гүй байгальд ээлтэй техно­логи  ашигладгийг нь мэ­дэж авсан. Энэ бол 2000 оны явдал. Түүнээс хойш бай­гальд ээлтэй байх тухайд ямар шинэчлэлтүүдийг нэвт­рүүл­сэн бэ. Ер нь БОАЖЯ-аас ямар шаардлагыг тавьдаг юм бол?

-Манай станцид байгаль орчны хяналтыг хариуцсан Хяналтын алба гэж тусгай алба бий. Энэ алба  манайхаас гарч байгаа  утаанд хамт хаягдаж байгаа үнс, хорт хийн хэмжээ болоод  нүүрсний дэгдэлт,  тоосжилтод хяналт тавьж ажилладаг. Ер нь бол манай ДЦС Монгол Улсын стандартад нийцсэн  үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Мэдээж хэрэг бүх зүйл бүрэн төгс шийдэгдсэн гэж би хувьдаа хэлэхгүй.  Гэвч бид  аль болох байгаль орчинд ээлтэй байхыг гол зорилгоо  болгон ажиллаж байгаа.  Байгальд ээлтэй байх технологийг нэвтрүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх тал дээр  сүүлийн хэдэн жилд багагүй хөрөнгийг зарцуулсан.

-Эрчим хүчний салбарын хууль тогтоомжид ДЦС-уудын эрхзүйн байдал ямар байдлаар тусгагдсан байдаг юм бол?

-Манайх чинь төрийн  өмчит  компани шүү дээ. Тэгэхээр компанийн дүрэм, төрийн болон орон нутгийн өмчит хуулиар зохицуулагддаг юм.

-Жилийн жилд станц, уур­хай­нуудын хооронд өр ав­ла­гын асуудал яригддаг.  Та ямар өр, авлагатай аж ахуйн нэгж хүлээж авав. Нууц биш бол?

-Манай станц сүүлийн жилүүдэд хуримтлагдсан өрийн хэмжээг жилээс жилд буулгасаар ирсэн.  Тодруулж хэлбэл, станц  тухайн сардаа хэрэглэсэн нүүрснийхээ үнийг төлөхийн сацуу  хуримтлагдсан өрнөөсөө тодорхой хувийг  буулгах арга хэмжээг давхар авч яваа.  Ажил хүлээж авснаас хойш өр нэхсэн уурхайн захирал миний өрөөнд орж ирээгүй. Станц өнөөдрийн байдлаар шинээр тавьсан  өргүй гэж хэлж болно.

-Та станцын дарга ч гэлээ байгууллагын хувьд  ерөнхий менежер нь. Сайн менежертэй байгууллага алз­даг­гүй. Тийм хэмжээнд үнэлэг­дэхийн тулд хамгийн түрүүнд хийх ажил, авах арга хэмжээ тань станцын хамт олон хий­гээд эрчим хүчний салбарын­ханд сонин байх нь мэдээж?

-XXI зуун  бол техник техно­логи, инноваци, шинэчлэлийн зуун. Энэ бүхэнтэй хөл ний­лүү­лэх нь миний, бидний, стан­цын цаашлаад эрчим хүчний салбарын зорилго. Станцын ерөнхий менежерийн хувьд технологийн шинэчлэл, эдийн засгийн өсөлт, ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг цаг тухайд нь шийдэж явахын төлөө зүтгэх учиртай.  Хамгийн гол нь тоноглолынхоо найдвартай ажиллагааг хангаж чадаж гэмээнэ үр дүнг нь та бид хамтдаа үзнэ шүү дээ.

-Яг одоо Монгол Улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж буй.  Энэхүү төсөвт танай станцын ямар асуудлыг шийдэх хөрөнгө сууж өгч байгаа бол. Эсвэл та бүхний хүргэх санал юу байна?   

-Ер нь манайд хамгийн түрүүнд шийдэх асуудал бол дотоод тарифын асуудал байгаа.  Эрчим хүчний зохицуулах хороо үүнийг шийдвэрлэж өгдөг.  Тиймээс  ирэх онд гарах зардлаа бодитой батлуулж авах л нэн  тэргүүний зорилго.  Станц хөрөнгө, санхүүгийн хувьд баталгаатай байх аваас засварын ажлаа найдвартай хийнэ ингэснээр Монгол Улсаа эрчим хүчний найдвартай, хэвийн үйл ажиллагаагаар хангах нөхцөл бүрдэнэ шүү дээ.  Хамгийн гол нь дотоод тарифын асуудал байна.

-Тарифыг  нэмэх нь эдийн засгийн хямралтай үед авах арга хэмжээ мөн гэж үү?

-Гэхдээ дотоод тариф гэдэг чинь хэрэглэгчийн тариф биш шүү дээ. Өөр зүйл байдаг юм. Тодруулбал, үйлдвэрлэгчдийн үйлд­вэрлэсэн цахилгаан, дулаа­ныг хэрэглэгчдэд борлуу­лаад үнийг нэг дансанд төвлөрүүлдэг. Түү­нийг үйлдвэрлэгчдэд  хуваа­рилах механизмыг хэлж байгаа юм.

-V дугаар цахилгаан станц баригдахгүй нь тодорхой болчихлоо.  Танай ачаалал нэмэгдэнэ биз?

-Нэмэгдэнэ.  Эрчим хүчний төвийн системийнхээ 70 хувийг  ма­найх дангаараа үүрээд явж бай­гаа. Ачааллын хэмжээ ямар­тай ч үүнээс буурахгүй  байх. Ийм хэмжээний ачаа үүрэх нь  бид­ний хувьд нэр төрийн хэ­рэг байдаг. Үүнийхээ  төлөө ч зүтгэнэ.

-Станцид ойрын үед өргөтгөл хийгдэх үү?

-Яг одоо Станцын 2016-2022 оны бодлогын баримт бичгийг  боловсруулах  судалгааны аж­лууд хийгдэж байгаа. Мэргэж­лийн байгууллагууд, эрдэмтэн суд­лаач­даас бүрдсэн ажлын хэсэг ажилдаа орсон. Тэрхүү баримт бичиг хэрхэн яаж боловс­рог­дохоос станцын хувь заяа ший­дэг­дэнэ. Түүнээс миний саналаар  өнөөдрөөс  станцын  өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлчихгүй шүү дээ.  Өнгөрсөн жилүүдэд 123 мвт-ийн  өргөтгөл хийгдсэн. Энэ бол станц дотор нэмж нэг үйлдвэр барьсан гэсэн үг. Би түрүүнд,  үндсэн тоноглолын ашиглалт 57 хувьтай байдаг гэж онцолсон. Үүнийг нэмэх ёстой.

-Тэг зогсолт гэж эрчим хүчнийхэн ярьдаг. Өнгөрсөн зун танайхыг  тэг зогсолт хийлээ гэж сонсоогүй?

-Манайх сүүлийн хэдэн  жил  тэг зогсолт хийгээгүй. Харин хэсэгчилсэн зогсолт хийсэн.

-Энэ нь  том амжилт уу?

-Энэ бол том амжилт. Тэг зосголт гэдэг чинь бүх юм зогсоно. Ийм зогсолтыг хийл­гүйгээр тодорхой хэм­жээ­гээр үйлдвэрлэлээ явуулж, хэрэглэгчдийнхээ ая тухыг хангана гэдэг том амжилт.

-Үнэнийг хэлэхэд, таныг эрчим хүчний салбарын хүн гэдгийг ярианаас тань анзаарлаа.  Анхбаяр гэж хэн юм бэ гэдгийг сонирхох уншигч цөөнгүй бий?

-Би  эдийн засагч мэргэжилтэй, мэргэжлийнхээ дагуу  докторын зэрэг хамгаалсан хүн. ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төгссөн.  Манай сургуулийг Монгол Улсын  Сангийн долоон сайд төгссөн байдаг юм.  Ийм сайхан  сургуулийг төгссөндөө, тэнд  докторын зэрэг хамгаалсандаа баяртай явдаг.  ДЦС-тай хувь заяагаа холбоод арав гаруй  болж байна. Сүүлийн жилүүдэд  станцынхаа эдийн засгийн албыг толгойлж ажиллаж байлаа. Тэгэхээр намайг гадны хүн гэж хэн ч хэлэхгүй биз дээ.   Манай алба станцын  төлөвлөлтийг хариуцдаг. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй, хэчнээн тоног­лол­тойгоор хэчнээн хэмжээний  бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдгийг тооцоолж гаргаж  байсан учраас станцын маргаашийг олж харах нь  надад асуудал биш.  Харин ч урамтай,  дөхөм байна.  Тэгээд ч эрчим хүчний салбарыг эдийн засгаар удирдах шаардлага тулгарч буй. Төр, засгаас авч хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрийн хүрээнд станцын үндсэн тоноглолын төлөв байдал сайжирсан. Олон ч төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Одоо харин тоноглолын найдвартай ажиллагаан дээр нэмээд эдийн засгийн үр ашигтай ажиллагаа чухлаар тавигдаж байна.

 

http://mminfo.mn/news/view/4354