“ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, туршилт тохируулгын ажил дуусч, төвийн эрчим хүчний системд 2015 оны 03-р сарын 01-ний өдөр 23 цаг 35 минтанд амжилттай холбогдсон билээ.
Өнөөдөр буюу 2015 оны 03-р сарын 20-нд энэхүү төслийн хүндэтгэлийн арга хэмжээ ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ЁСЛОЛ боллоо. Ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д. Зоригт, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд И.К.Азизов, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “ДЦС-4” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, Эрчим хүчний яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, ОХУ-ын Уралын турбины үйлдвэр, Союз компанийн төлөөлөгчид, ЭХ-ний салбарын үйлдвэрүүдийн төлөөлөгчид оролцлоо.
“ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар хэлсэн үгэндээ “Өнөөдрийн байдлаар “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангаж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилд 8-10 хувиар өсч, маш огцом нэмэгдэж байгаагаас 2012-2013 оноос эхлэн төвийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орсныг Монгол Улсын төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт дурдсан байдаг. “ДЦС-4” ТӨХК нь 2011 оны сүүлээр 7 зуух, 6 турбинтай ажиллаж, 582 МВт-ын нийлбэр ачаалал авч ажиллаж байсан бол 2013 оны нэгдүгээр сард 602 МВт цахилгаан ачаалал авсан нь суурилагдсан хүчин чадлыг давсан түүхэн дээд амижлтыг эвдсэн тохиолдол байлаа.
Хэрэглээний өсөлтийг хамгийн богино хугацаанд хамгийн бага зардлаар хаах оновчтой хувилбар бол “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлын цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188Гкал/ц-аар өргөтгөх төсөл байсан юм” гээд “Энэ төсөл нь Монгол Улсын Засгийн газрын бондын хөрөнгө 70 сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр ийнхүү хэрэгжиж дууслаа. Энэ төслийн үр дүнд цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг буюу 250 мянган өрхийг хангах, дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/ц-аар буюу 15 мянган өрхийг хангах хэмжээгээр нэмэгдэх юм. Мөн станцын дотоод хэрэглээний цахилгаан эрчим хүчний хэмжээ 2 гаруй хувь буурснаар одоогийн тарифаар тооцоход жилд 25,82 тэрбум төгрөгийн бодит орлого олох боломж бүрдэнэ” гэлээ.
Түүнчлэн хамгийн богино хугацаанд буюу 2 жилийн дотор, хамгийн хямд зардлаар /1МВт-570 мянган ам.доллар/ хэрэгжсэн төсөл болсон юм. Хөрөнгө оруулалтын зардал бага, борлуулалтын орлого өндөр байгаа зэргээс хамааран уг төсөл хөрөнгө оруулалтын өртгөө 4.5-7.8 жилийн дотор бүрэн нөхөх юм. Төслийг хэрэгжүүлэхэд ОХУ-аас 150 мэргэжилтэн, угсрагчид, дотоодын 10 компанийн 160 гаруй ажилтан гээд нийт 310 гаруй хүн уг төсөл дээр ажиллаж маш богино хугацаанд амжуулжээ.Түүнчлэн ОХУ-аас том оврын 71 автомашин, 55 вагон болон нисэх онгоцоор нийт 350 орчим баглаа боодол бүхий тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлсэн ажээ.
Станцын өргөтгөлийн энэ төслийг хэрэгжүүлснээр 2017 он хүртэлх хугацаанд өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хааж, цаашид тус станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжид шийдвэрлэх нөлөө үзүүлэх юм.
Ёслолын үеэр төслийг хэрэгжүүлэхэдонцгой хувь нэмэр оруулсан инженер, техникийн ажилтнууд, ажилчдыг Засгийн газрын шагнал ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдэг, ЭХЯ-ны ЖУУХ БИЧИГ, “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар компанийн ХҮНДЭТ АЖИЛТАН тэмдэг, мөнгөн шагнал, ОХУ-ын Уралын турбины үйлдвэр, Союз компанийн удирдлагын шийдвэрээр ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ-ээр тус тус шагналаа.
Энэхүү түүхэн үйл хэргийн төлөө бие сэтгэл, оюун ухаан, бүхнээ зориулж удирдаж, холбож, чиглүүлж ажилласан ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ-ийн хамт олон болох Борлуулалт, маркетингийн албаны дарга Б.Цэвээн, төслийн удирдагч Д.Батчулуун, төслийн инженер Л.Баасан, А.Батзориг, Ж.Батгэрэл, Б.Бүрэнжаргал, мэргэжилтэн Д.Цэрэнхүү нартаа болон МУ-ын засгийн газар, ЭХЯ, Хөгжлийн банк, компанийн удирдлагууд, ОХУ-ын Уралын турбины үйлдвэр, Союз компанийн хамт олон, хамтран ажилласан ЭХ-ний үйлдвэр, компаниудын хамт олондоо ТАЛАРХАЛ илэрхийлж та бүхний ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе. МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.