Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-ын техникийн хамтын ажиллагааны шугамаар Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн 2-р шатны хүрээнд “ДЦС-4” ТӨХК-д нийлүүлэгдсэн утааны хий дэх бохирдуулагч бодисуудыг шинжлэх суурин анализаторуудыг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолд ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Японы ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга Иноүэ Каяако, Нийслэлийн Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзий нарын зочид төлөөлөгчид оролцсон.
2013 оноос ЖАЙКА болон “ДЦС-4” ТӨХК-ийн хооронд зуухнаас ялгарч буй утааны хийн анализаторуудыг суурилуулах талаар хамтран ажиллаж эхэлсэн.
Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд болон манай станцын алба, цехийн инженерүүдийн хамтарсан судалгааны дүнд үндэслэн зуух тус бүрээс ялгарах азотын ислүүд (NOx), хүхрийн давхар исэл (SO2 ), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), хүчилтөрөгч (02)-ийг хэмжих зориулалттай 2 иж бүрдэл анализатор, зуухны яндангаас ялгарах тоосны нягтыг хэмжих 1 иж бүрдэл анализаторыг тус тус суурилуулахаар шийдвэрлэсэн билээ.
“ДЦС-4” ТӨХК-ийн талаас сорьцын ба халаагч уурын шугамын угсралт, шат тавцан, тулгуур, анализаторууд байрлах өрөө, хэмжилтийн ба тэжээлийн кабелийн угсралт холболт, компьютерийн хяналт удирдлага, мэдээлэл дамжуулах систем зэргийг нийлүүлж, цаашдын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахаар болсон.
Зуухны утааны хийг шинжлэх зориулалтаар Япон улсын HORIBA фирмийн олон цэгийг хэмжих зориулалттай анализатор нийлүүлэгдсэн бол утааны янданд TANAKA фирмийн тоосны нягт хэмжих анализатор нийлүүлэгдсэн. Эдгээр иж бүрдэл 3 анализатор болон дагалдах сорьцын шугам, стандарт хийнүүдийн хамт нийт 37.6 сая иенийн үнэтэй тоног төхөөрөмжүүд юм. Анализаторуудыг үйлдвэрлэгч компанийн мэргэжилтнүүд 2016 оны 10-р сард ирж ажиллан анализаторуудын туршилт, тохируулгыг гүйцэтгэж, цаашид ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цехийн инженер, ажиллагсдад зориулан сургалт зохион байгуулсан.
Энэхүү төслийн үр дүнд манай станцын зуух тус бүрээс агаарт хаягдах бохирдуулагч бодисын хэмжээг тасралтгүй хянадаг болж, зуухны горим ажиллагаанд тавих хяналт сайжран ашигт ажиллагааг дээшлүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдэнэ.