“Энержи Монголиа” олон улсын хурал, үзэсгэлэн…

Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн тулд тулгамдаж буй асуудлаа ярилцах, төр болон хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах зорилготой “Энержи Монголиа” олон улсын хурал, үзэсгэлэн 2017.05.17–18 өдрүүдэд болж, гадаад, дотоодын 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

2

Энэ үеэр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Монгол Улсын Эрчим хүчний салбарын хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэл тавьсан. Тус илтгэлд “Салбарын бодлого, технологийн болон арилжааны зах зээлийн бодлогыг нэгтгэх, одоо мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмыг боловсронгуй болгох, нэгдсэн сулжээний дүрмийг шинэчлэн боловсруулж батлах, эмзэг цэгүүдэд анхаарлаа хандуулах, хэт ачааллыг задлах, Алтай, Улиастай, Дорнод бүсийн асуудлыг шийдвэрлэх, эрчим хүчний системийн найдвартай тогтвортой ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж хөгжүүлэх, дулааны станц дээр суурилсан сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, зохицуулалтын механизмыг сайжруулах, маневрлах эх үүсвэрийн асуудал шийдвэрлэх (ус, усан цэнэгт, хийн цахилган станц, батарей станцууд), системийн хяналт, удирдлагын системийг боловсронгуй болгох асуудал нэн чухал юм. Эрчим хүчний системийг зөв хөгжүүлэх суурь нь түүний зах зээлийг зөв чиглүүлэх явдал” гэдгийг онцоллоо. Мөн эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд санхүүгийн алдагдлыг бууруулах, эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөгт хүргэх, үнэ тарифыг чөлөөлөх эхлэлийг тавих, зах зээлийн жишигт нийцүүлэх тодорхой зорилтуудыг дэвшүүлж, эрчим хүчний үнэ тарифт зохицуулалтуудыг хийснээр Эрчим хүчний салбар санхүүгийн алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдсэн ч, цаашид нэг худалдан авагчтай загварыг боловсронгуй болгох өрсөлдөөнт, оноолтын зах зээлд шилжүүлэх, бодит технологийн схем, зохицуулалттай уялдуулах, арилжааны технологийг хөгжүүлэх, системийн онцлогт тохирсон монгол загварыг хөгжүүлэх, үнийн уян хатан бодлогыг нэвтрүүлэх явдал чухал байгаа талаар дүгнэж ярив.

5

“Энержи Монголиа” үзэсгэлэнд эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол, Орос, Хятадын 40 гаруй компани үйл ажиллагаагаа танилцуулж, сүүлийн үеийн техник, технологийн дэвшлүүдийг сурталчилсан юм.  Мөн эрчим хүчний алдагдлыг бууруулах, байгальд ээлтэй төрөл бүрийн технологиудыг дэлгэж, төрийн өмчит дулааны цахилгааны станцууд өнгөрсөн онд хийсэн ажлуудаа тайлагналаа.

Салбарын мэргэжилтнүүд эрчим хүчний эх үүсвэрийг сайжруулахад голлон анхаарч, түүнийг дамжуулах шугам, сүлжээний асуудлыг шат дараатайгаар хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж, тус салбарт 2020 хүртэл хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг онцолж, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа дэд бүтцийн ажлуудыг танилцуулсан юм. Тухайлбал, Энэ онд шинээр байгуулах цахилгааны эх үүсвэрийн төслийн тухайд БНХАУ, ХБНГУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Эрдэнэт, Дархан хотын дулаан цахилгаан станцын хүчин чадлыг тус бүр нь 35 мВт-аар өргөтгөхөөр болжээ. Одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж байгаа бөгөөд энэ онд багтаан барилга, угсралтын ажлыг эхлүүлэн, ирэх жил ашиглалтад оруулах төлөвлөжээ. Түүнээс гадна Улаанбаатар хотын III цахилгаан станцын хүчин чадлыг 250, Чойбалсан хотын станцыг 50 мВт-д хүргэхээр газар, шорооны  ажлыг эхлүүлсэн байна. Дээрх төслийг түлхүүр гардах нөхцөлтэйгөөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд одоо олон улсын хэмжээнд нээлттэй тендер зарласан аж.

Манай улсын импортын эрчим хүчний 70 гаруй хувийг ашигладаг “Оюутолгой” компани өнгөрсөн онд БНХАУ-аас 1.1 тэрбум кВт, ОХУ-аас 305 сая кВт эрчим хүч авсан. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий томоохон ордын цахилгааны эх үүсвэрийг дотоодын эрчим хүчээс хангах зорилгоор 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар, гүйцэтгэгч компанийг шалгаруулан, санхүүгийн хаалтыг хийж байгаа аж. Уг нь өнгөрсөн онд багтаан санхүүгийн хаалт хийхээр төлөвлөсөн байсан ч олон улсын банк, санхүүгийн байгууллагууд шахуу хугацаанд амжуулах боломжгүй гэсэн хариу өгчээ. Тиймээс энэ онд багтаан барилга, угсралтын ажлыг эхлүүлэхээр зорьж байгаа гэнэ. Тэгвэл монгол орны  баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг Дөргөний усан цахилгаан станц болон ОХУ-ын импортоор хангаж буй. Энэ хүрээнд Улаангом хотын Ховд гол дээр 60 мВт-ын усан цахилгаан барихаар нээлттэй тендер зарлаж гаднын хөрөнгө оруулагч татах боломжийг эрэлхийлж байгаа аж.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт яригдаж буй хамгийн чухал асуудал бол Эгийн голын усан цахилгаан станц байгуулах тухай. Анх БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авч дэд бүтцийн ажыг эхлүүлсэн боловч Байгаль нуурын экосистемд сөргөөр нөлөөлж болзошгүй тул түр зогсоосон. Тиймээс одоогоор хоёр орны эрдэмтэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж буй юм.Энэ хүрээнд ОХУ-ын Эрхүү хотод хоёр орны мэргэжилтнүүд уулзаж, санал солилцож байгаа гэнэ. 2007 оноос хойш Сэргээгдэх эрчим хүчний хууль, үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрүүд нэмэгдэж, судалгаа, шинжилгээний ажлууд идэвхжих болсон. Энэ хүрээнд үйлдвэрлэл, дэд бүтцийн ажил хийхээр 22 компани тусгай зөвшөөрөл авч, судалгаа шинжилгээг эхлүүлэн, техник эдийн засгийг үнэлгээг боловсруулж байна. Энэ онд Өмнөговь аймгийн Цогтцэций, Дорноговь аймгийн Сайншанд суманд 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц баригдаж, ашиглалтад орно.

Харин цахилгаан дамжуулах сүлжээний өргөтгөл, дулаан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр 10 аймагт дулааны станц барьж, өргөтгөх төслийг төлөвлөжээ. Дээрх төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр авахаар болж, гэрээ хийх шатандаа явж байгаа аж.  Эхний ээлжинд Хэнтий, Дорнод, Төв аймагт байгуулах гэнэ.

Эрчим хүчний салбарын экспортыг нэмэгдүүлэхээр 2005 онд Хятад улс манай улсаас эрчим хүч авахаар яригдаж эхэлсэн. Ингээд 2014 оноос төслийн ажлыг эхлүүлж, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн 5280 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа юм. Эрчим хүч экспортлохын тулд тус уурхайгаас жилд 22 сая тонн нүүрс ашиглах гэнэ. Энэхүү төсөлд нийтдээ 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах юм байна.

1 4

http://energy.gov.mn/c/729