Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан энэхүү салбарын зүрх болсон инженер, мэргэжилтнүүдийн ур чадварыг сорьсон ажил мэргэжлийн уралдааныг 2 шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Эхний шатанд дөрвөн бүсэд /Төвийн бүсийнхэн Улаанбаатар хот, Хойд бүсийнхэн Дархан-Уул аймаг, Баруун бүсийнхэн Завхан аймаг, Зүүн бүсийнхэн Дорнод аймаг/ өрсөлдлөө. Багууд IQ түвшин, салбарын аюулгүй ажиллагааны талаарх хууль дүрмийн мэдлэг болон шуурхай ажиллагаа, засвар угсралт, ашиглалтын чиглэлд, кранчин, оосорлогч-дохиочин болон гагнуурчдын ур чадвар гэсэн 7 төрөлд өрсөлдсөн юм. Төвийн бүсээс тэргүүлсэн 3, бусад бүсээс тэргүүлсэн 2 баг, нийт 9 баг дараагийн II шатанд өрсөлдсөн.
Эрчим хүчний салбарын 95 жилийн ойг зохион байгуулах комиссын даргаар дэд сайд Т.Гантулга ажиллаж байгаа бөгөөд хойд бүсийн уралдааны нээлтийн үеэр үг хэлсэн юм. Тэрбээр “Эрчим хүч гэдэг бол Монгол Улсын гал голомт болсон онцгой салбар юм. Энэ хариуцлагатай албанд үнэнчээр зүтгэж, лугших судас нь болж яваа инженер, мэргэжилтнүүдийн ур чадварыг сорих уралдаанаар 95 жилийнхээ ойн арга хэмжээг эхлүүлж байгаа нь учиртай. Та бүхний мэдлэг оюун, ур чадвар салбарынхаа хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Төвийн бүсийн шалгаруулалтанд нийт 10 багийн 80 гаруй инженер техникийн ажилчид оролцож 2 өдөр өрсөлдсөн ба тэмцээний нэг төрөл “Марш тактик”-ын тэмцээнийг хамтран зохион байгуулах Хан-уул дүүргийн онцгой байдлын газрын албан хаагчид гал түймэр устгах ажилд дайчлагдсаны улмаас зохион байгуулах боломжгүй болсон тул тэмцээний шүүгчид болон багийн ахлагчдын хурлаар эхний 2 өдрийн тэмцээний онооны нийлбэр дүнгээр дүгнэхээр шийдвэрлэж
1-р байранд “ДЦС-4” ТӨХК
2-р байранд “Амгалан ДС”
3-р байранд “УБЦТС” ТӨХК тус тус шалгарч сүүлчийн шатанд оролцох эрхээ авсан.