Монгол Улсын Эрчим хүчний салбарын “Дархан-2015 спортын их наадам” Дархан хотод дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөв. Дархан хотод болсон эрчим хүчний салбарын уг наадамд тус системийн 30 гаруй байгууллагын 800 гаруй тамирчид спортын таван төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Спортын их наадмын энэ удаагийн тоглолт Сагсан бөмбөгийн эрэгтэй багийн аваргын төлөө өрсөлдөөн Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн спорт цогцолборт болж дараа нь хаалтын ёслол болж түрүүлсэн баг, тамирчдад шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолд ЭХЯ-ны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй яамны удирдлагууд оролцлоо. Их наадмын тэргүүн байрыг багийн дүнгээр “ДЦС-4” эзлэж цомын эзэн болсон бол “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК удаах байр эзлэв. Энэ удаагийн спортын их наадмыг Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК, Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн 50 жил, Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ийн 25 жил, Эрдэнэт, Булганы эрчим хүчний 35 жилийн ойн нэрэмжит болгон явууллаа.
ЭХЯ-ны сайд н.Зоригт:-“Манай эрчим хүчний салбарын спортын их наадам маань Дархан-Уул аймагт болж өнгөрлөө. Дарханд зохион байгуулж байгаагийн учир гэвэл эндэхийн эрчим хүчний байгууллагууд үндсэн их ойгоо тэмдэглэж байгаа. Их олон баг тамирчид оролцож тэмцээн өрсөлдөөнтэй их сайхан боллоо. Энэ тэмцээнийг зохион байгуулалтыг харахад урьд урьдынхаас их ахиц дэвшил гарч тамирчдын ур чадвар нэмэгдсэн байна. Байгууллагууд маань бас их ач холбогдол өгч оролцсонд яамны удирдлага туйлын баяртай байна” гэв.
Эх сурвалж http://www.darkhantimes.com/