Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-д Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 200 төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн бөгөөд “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хууль эрхзүйн орчин, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьж, салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний тухайд дэлгэрэнгүй танилцуулав. Уг илтгэлд, “Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах суурь салбар тул Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас ойрын хугацаанд салбарын эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалт, бүтцийг боловсронгуй болгох, компанийн засаглалыг бэхжүүлэх, түлшний нөөц бүрдүүлэх, хийн хангамжийн системийг нэвтрүүлэх, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийг чанарын өндөр түвшинд хэрэглэгчдэд хүргэх, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжих эхний алхмуудыг хийхээр зорин ажиллаж байна.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд томоохон бүтээн байгуулалт болох Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар тус тус өргөтгөх төсөл ажлыг эхлүүллээ. Мөн Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, горим тохируулга хийх том чадлын цахилгаан станцуудыг барьж, салбарын бие даасан байдлыг бэхжүүлэх, импортыг бууруулах зорилгоор Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Ховд гол дээр баригдах усан цахилгаан станц, Төвийн бүсэд шинээр том чадлын цахилгаан станц барих төслийн техник эдийн засгийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж, хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлцлүүд амжилттай хэрэгжиж байна. Цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг хангахын тулд төвийн бүсийн системд том чадлын цахилгаан станц барих нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг зорилт юм.
Монгол Улс нь хүрэн нүүрсний асар их нөөцтэй бөгөөд Шивээ-Овоо, Тэвшийн говь, Хашаат цавын нүүрсний орд газрыг түшиглэн экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц барих урьдчилсан судалгааг хийж байна. Энэхүү томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлж, экспортын бүтээгдэхүүнийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, цаашлаад Зүүн хойд азийн эрчим хүчний системд хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой юм.Аймгийн төвүүдийн дулаан хангамжийг найдваржуулах, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Архангай, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих, Сүхбаатар аймгийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг БНСУ-ын ЭКЗИМ банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөн хамтран ажиллаж байна” гээд салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Зөвлөгөөний үеэрҮндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар “Эрчим хүчний салбарын аудитын шалгалт, дүгнэлт, зөвлөмж, үр дүн, цаашид авах арга хэмжээ”, Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Эрчим хүчний салбарын төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн компанийн засаглал, хөрөнгийн өгөөж, үр ашгийн талаар мэдээ мэдээлэл”, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлого, зохицуулалтын үр дүн” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Түүнчлэн ШУТИС-ийн ЭХС-ийн захирал, доктор профессор Ч.Мангалжав “Эрчим хүчний салбарын мэргэжилтэнг бэлтгэх, чадавхижуулах, хүний нөөцийн эрэлт хэрэгцээ, түүнийг хангах боломж”, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал “Эрчим хүчний салбарын нийгмийн түншлэл нь тогтвортой хөгжлийн үндэс” сэдвээр илтгэл тавилаа.
Зөвлөгөөний үр дүнд зөвлөмж гаргаж, яам болон үйлдвэр, компанийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
http://energy.gov.mn/c/727