Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн цомын тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт МХХ-ны төв талбайд явагдаж өнгөрлөө. Үндэсний лигийн 8 удаагийн Эрчим клуб Непалын аварга Мананг клубтэй тоглосон юм. 2 баг өмнөх тоглолтууддаа ялалт байгуулаад байгаа бөгөөд Камбожийн Свай клубыг Эрчим 3:1-ээр, Мананг 6:3-аар тус тус буулгаж аваад байсан юм. Гэвч тоглолтын үндсэн цаг дуусч, 0:0-ийн харьцаатайгаар эвийн гэрээ байгууллаа. Ийнхүү Эрчим клуб 4 оноотойгоор хэсгийн 2-р байраар дараагийн шатанд шалгарч байна. Ийнхүү ирэх 9-р сард Эрчим клуб шилдэг 11 багт багтаж, цааш тоглох эрхээ авлаа.
Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээн анх 2005 оноос хойш зохиогдож эхэлсэн түүхтэй. Гол зорилго нь хөлбөмбөгийн хөгжлийн түвшинг ойртуулах, хөлбөмбөгийн хөгжил тааруу улсуудын клүбүүдийн хөгжлийг дэмжих зорилготойгоор зохион байгуулагддаг тэмцээн юм. Энэ жил уг тэмцээний 10 жилийн ой тохиож буй аж.
Анх найман клүб оролцож эхэлсэн уг тэмцээн жилээс жилд хүрээгээ тэлж байгаа юм. Буурай хөгжилтэй улсын клүбүүдийн санхүүгийн чадавхиас хамаарч зорьж байсан хэмжээнд хүрээгээ тэлэхгүй байгаа ч тус тэмцээнд оролцдог улсуудын хувьд ач холбогдол нь жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Үүний тод жишээ нь энэ жилийн тэмцээний нэг хэсгийн тоглолт Монголд зохиогдохоор болсноос харагдана.
Тэмцээн зохиогдож эхэлснээс хойшхи хугацаанд Төв Азийн багууд давамгайлж байсан бөгөөд Тажикстаны Регар ТаДаз 3 удаа, Киргизстаны Дордой-Динамо 2 удаа түрүүлж байсан юм.
“Эрчим” клүбийн тухай хураангуй
Монголын Хөлбөмбөгийн Холбоо 1995-1996 оноос бүтцийн шинэчлэл хийж Үндэсний лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. 1996 онд зохион байгуулагдсан лигийн тэмцээний анхдагч клүбүүдийн нэг нь Эрчим байсан юм. Хуучин коммунист лагерын бусад улсуудын адилаар мэргэжлийн спортын суурь, систем тавигдаагүй учраас төрийн өмчит компаниудыг түшиглэн спортын клүбүүд байгуулагддаг жишгийн дауу “ДЦС-4” ТӨХК-ийг түшиглэн байгуулагдсан Эрчим клүб нь Үндэсний лигийн тэмцээний анхны аварга болж байсан. Эрчимийн эхний амжилттай үе 1996-2002 онд үргэлжилж Алтан-Илд, Алтантогос, Батнасан, Пүрэвсүх, Пүрэвсүрэн зэрэг түлхүүр тоглогчдынхоо ачаар уг хугацаанд 4 удаа лигт түрүүлсэн юм.
Хэсэг уналтад орсон Эрчим клүб 2007 оноос эргэж сэргэсэн. Ингэхдээ тэд Мазаалайгийн Б.Гарьдмагнай, Б.Ганзориг, Хоромхоны Н.Чинбаатар, Б.Анар, Шонхорын Ц.Энхжаргал, Багануурын З.Баттулга, шигшээгийн довтлогч Г.Төгсбаяр зэрэг авьяаслаг залуусыг нэг доор цуглуулж 2007-2009 онд хоёр удаа лигийн аварга болсон юм. Харин 2011 оноос одоогийн Эрчим клүбийн шинэ бүрэлдэхүүнийг бүрдүүлж эхэлсэн бөгөөд тэд 2012, 2013 оны лигийн тэмцээнд дарааллан түрүүлээд байна.
Мөн Азийн хөлбөмбөгийн холбооны “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээнд Монголоос анхлан оролцож анхны оноо, анхны гоол, анхны хожлыг байгуулсан билээ. Хэдийгээр ТӨХК-ийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулж буй боловч Эрчим нь мэргэжлийн хөлбөмбөгийн клүбийн төвшинд дөхөж очоод байгаа ба тэд өөрсдийн стандарт талбайтай Монгол буй хоёр клүбийн нэг, нөгөө нэг нь мөн л ТӨХК-ийг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэтийн “Хангарьд” клүб.