Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах үйл ажиллагааг 3 дахь жилдээ Төрийн ордонд зохион байгууллаа.
Эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг. Түүнчлэн сүүлийн гурван жилийн дата мэдээлэлд тулгуурлан салбараар, байршлаар, хэлбэрээр, шинээр жагсаалтад орж ирж байгаа гэхчлэн жагсаасан болно.
Энэ жилийн ТОП 100 ААН-ийг эхний 20, 21-40, 41-60, 61-80, 81-100 гэсэн таван багц болгон ангилж, багц бүрийн хувьд тоон үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргаснаараа онцлогтой. Ингэснээр зөвхөн компаниудын бизнесийн амжилт, манлайллыг харуулаад зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлт бууралт, аль салбар илүү урагшилж, аль нь хойшилж байгаа, үүнд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл, цаашлаад бизнесийн орчинд тулгарч байгаа асуудал, тэдгээр нь энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг олон чухал дүгнэлт гаргах, төр засгийн бодлого шийдвэрт тусгах бааз суурь болж байгаа юм.
Энэхүү үйл ажиллагаа нь ямар нэг шалгаруулалт биш бөгөөд улсын бүртгэлд бүртгэлтэй идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй мянган ААН-ийн статистик үзүүлэлт, тоон мэдээлэл дээр тулгуурлан ихээс нь бага руу нь эрэмбэлж жагсаалт гаргаж байгаа, олон улсын жишиг бүхий үйл явц юм.
Манай компани 2017 оны үзүүлэлтээрээ 19-т эрэмблэгдэн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Бямбадорж “Өргөмжлөл”-өө гардан авлаа.
Эх сургавалж: https://www.mongolchamber.mn/mn/newsDetail/1026