Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран 2001 оноос жил бүр уламжлал болгон Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй манай улсын шилдэг /ТОП/ аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж ирсэн явдал бөгөөд уг арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгууллаа. “ТОП-100”-г өргөмжлөх ёслолын арга хэмжээ Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт болсон бөгөөд арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн Сайд Д.Эрдэнэбат, Сангийн Сайд Ж.Эрдэнэбат, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын удирдлагууд, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн холбогдох байгууллагуудын төлөөлөл болон МҮХАҮТ-ын удирдлагууд оролцон аж ахуйн нэгжүүдэд баяр хүргэж, шагнал гардууллаа.
Өмнөх жилүүдэд уг шалгаруулалтыг явуулахдаа компани, ААН-үүдээс шалгаруулалтад материал хүлээн авч, нэгтгэн дүгнэдэг байсан юм. Өөрөөр хэлбэл, материал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн нийт татвар төлөлт, нийт борлуулалт, ажилчдын тоо түүнээс тухайн жилд шинээр бий болгосон ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлтүүд, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлууд зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулж ирсэн.
Харин энэ онд шалгаруулалтын зарчмыг өөрчилж холбогдох төрийн /Сангийн Яам, СЗХороо, ҮСХороо, МХЕГ, ТЕГ, НДЕГ, ГЕГ/ байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажилласан. Өөрөөр хэлбэл эдгээр байгууллагуудаас аж ахуйн нэгжүүдийн албан ёсны мэдээ, тайланг авч түүнд үндэслэн ажлын хэсэг харилцан ярилцсаны үндсэн дээр тодорхой үзүүлэлтүүдээр гаргаж, “ТОП-100” аж ахуйн нэгжийг ӨРГӨМЖИЛСӨН юм.
Манай компанийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер М.Амарбаясгалан Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт болсон энэхүү арга хэмжээнд оролцон “ТОП-100” аж ахуйн нэгжийн ӨРГӨМЖЛӨЛ-өө гардан авлаа.
Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, шилдгээр шалгарсан “ДЦС-4” ТӨХК-ийнхаа нийт ажиллагсдадаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.