Тэртээх 1922 дугаар онд Ардын Засгийн Газрын хоёрдугаар сарын 63 дугаар хурлаар Нийслэл хүрээнээ “Цахилгаан гэрлийн хороо”, “Налайхын чулуун нүүрсний уурхай”-н төсөв төлөвлөгөөг анхлан боловсруулан батлан , 23 хүний орон тоотойгоор ажиллаж эхэлсэн Эрчим хүчний салбар өдгөө эгнээндээ 20 орчим мянган инженер техникийн, мэргэжлийн мэргэшсэн ажилтнуудын уйгагүй хичээл зүтгэл, ур чадвар, ухаан бодол, халуун дулаан сэтгэлийн галаар ямагт бадарч, нийгмийн шилжилтийн бүхий л цаг үеүүдэд хөгжлийн түүчээ болон бадамласаар 100 жилийн ойтойгоо золгожээ.
Энэ түүхэн цаг үеийн хугацаанд “Эх орны хөгжлийн баталгаа, Эрчим хүчний хүчирхэг тулгуур” болсон дөрөвдүгээр цахилгаан станцын хамт олны бүтээсэн гавьяа, оруулсан хувь нэмэр маш олон тоон болон чанарын үзүүлэлт, хөлс хөдөлмөрөөр хэмжигдэнэ.
Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг гэж үг байдаг шиг тэртээх нэг өдөр станцынхаа хаалгаар орж, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын гараагаа эхэлж байсан, зуун жилийн түүхийн хориос дээш жилд нь тогтвор суурьшилтай хөдөлмөрлөн, ажилсаг хамт олныхоо нэгэн эд эс нь болон өөрийн чаддаг мэддэг бүхнээ Эх орныхоо гэрэл гэгээг үйлдвэрлэх гэгээн үйлсэд зориулан ажиллаж байгаа эрхэм хүмүүстээ Эрчим хүчний 100 жилийн ойн медиалиар шагнаж урамшууллаа.
Эцгийн эрхэм нэрийг энэ л өдөр дуудуулан жаргаасан энерги цацруулсан хамт олон маань бие биедээ талархлын үгс илгээж, ирээдүй болсон залуустаа эзэмшсэн мэргэжил, сурсан эрдмээ өвлүүлэхээр эрч хүчээр дүүрэн 40 жилээ угтлаа.
Зуун жилийн отголох мөч дөчин жилийн угтах өдрүүдэд Эрчим хүчний салбарын шилдэгээр тодорсон хоёр ажилтанаа компанийн удирдлагууд хүлээн авч, тус бүр таван сая төгрөгийн урамшууллаар хүндэтгэл үзүүллээ.